Ж.Неру

Манжийн эзэн хаан бодвол бусдаас илүү урт насалдаг байсан байж таарна. Дөрөв дэх эзэн хаан нь Кансийн ач хүү Цяньлун байлаа. Тэр бас 1736-1796 онд жаран жил удтал хаан суужээ. Тэр бусад талаарч гэсэн бас л өвөг эцгийн адил бичиг эрдмийг эрхэмлэж, төр гүрнээ өргөтгөн тэлж байжээ. Түүний зарлигаар нандигнан хадгалбал зохих утга зохиолын үнэт бүтээлүүдийг хайж олохын тулд их ажил хийжээ. Тэгээд тийм бичиг зохиолыг сурвалжлан цуглуулж маш дэлгэрэнгүй бүрэн хэлхээс хөтөлж байжээ. Тэнд зохиол бүрийн талаар гарсан мэдээг тодорхойлж, бас шүүмжилсэн тэмдэглэлийг нэмдэг болохоор ерийн нэг хэлхээс төдий биш байжээ. Эзэн хааны номын санд байдаг тэр асар их дэлгэрэнгүй тайлбар тодорхойлолмж бүхий хэлхээс нь дөрвөн ангитай. Үүнд: сонгодог, өөрөөр хэлбэл Күнзийн, түүхийн, гүн ухааны, ерөнхий утга зохиолын гэх зэрэг болно. Түүнийг дэлхий дээр хосгүй бүтээл гэж үздэг нь зүй юм.

Энэ үед мөн хятадын роман, жижиг өгүүллэг, жүжгийн зохиол ихэд хөгжиж байжээ. Энэ үеэр бас Англид роман хөгжиж байсныг хэлэхэд сонин билээ. Европ дахин хятадын шаазан ваар эдлэл ба бусад урлалын бүтээлийг ихэд сонирхох тул тэдгээрийг байнга худалдаалдаг байна. Цай худалдах явдал бас дэлгэрч эхэлж байлаа. Тийм худалдаа манжийн анхны эзэн хааны зеэс эхэлжээ. Цайг анх Англид худалдаж эхэлснийг бодвол Карл II-ын үед байсан байх. Өдрийн тэмдэглэл хөтөлдгөөрөө ихэд алдаршсан Английн Самуэль Пипс 1660 онд хятадын цайг анх амсаж үзсэнээ бичжээ. Цайны худалдаа их дэлгэрэх болжээ. Түүнээс хойш хоёр зуун жилийн дараа буюу 1860 онд зөвхөн ганц хятадын Фучжоу боомтоос улиралд зуун сая фунт цай гадаадад гаргаж байжээ. Хожим нь цайг бусад оронд тариалах болж, одоо Энэтхэг, Цейлонд цай их тариалдгийг чи мэднэ.

Цяньлун эзэмшил нутгаа өргөтгөн тэлж Дорнод Туркестан, Төв Азийн зарим нутаг, Төвдийг эзлэн авчээ. Цяньлун гургудыг төвдөөс хөөн зайлуулснаар барахгүй тэднийг мөрдөн хөөж Гималайн ууланд хүрч, улмаар Балба руу цөмрөн орж, түүнийг Хятадын эзэнт улсын хараат болгожээ. Хятадын арми Төвдийг дамжин Гималайн уул хүрч гургуд шиг тийм дайчин ард түмнийг өөрийнх нь нутаг дээр бут цохино гэдэг гайхмаар явдал байлаа. Түүнээс хойш хорин хоёрхон жил өнгөрсний дараа, 1814 онд Энэтхэгт байсан англичууд балбатай мөргөлдөх болжээ. Тэд Балба тийш армиа илгээсэн боловч Гималайн нуруу давахын босгон дээр хүнд байдалд оржээ.
Цяньлуны хаанчлалын сүүл үе болох 1796 онд түүний шууд захиргаанд байсан эзэнт гүрний бүрэлдэхүүнд Манж, Монгол, Төвд, Дорнод Туркестан орж байлаа. Солонгос, Аннам, Сиам, Бирм түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хараат улсууд байв. Гэвч байлдан дагуулж, алдар цуу олно гэдэг хялбар тоглоом биш юм. Тэр нь их зардал чирэгдэл гаргаж, албан татварыг нэмэгдүүлэхэд хүргэнэ. Тэр бүх дарамт нь ямагт хамгийн ядуучуудын нуруун дээр л үүрэгдэж байв. Эдийн засгийн байдал өөрчлөгдөж, түүний улмаас дургүйцэл хүчтэй болжээ. Улс даяар нь нууц нийгэмлэгүүд байгуулагдах болжээ. Италийн нэгэн адил Хятад нууц нийгэмлэгүүд ихтэй байлаа. Тэдний зарим нь Цагаан Лянхуагийн Нийгэмлэг, Гэгээн Тэнгэрийн Нийгэмлэг, Цагаан өдний нийгэмлэг, Тэнгэр Газар нийгэмлэг гэх зэрэг сонин хачин нэртэй байжээ.
Хэдийгээр цагдаж хязгаарласан ч гэсэн гадаад худалдаа өргөжсөөр байлаа. Худалдаа хязгаарласныг гадаадын худалдаачид ихэд дургүйцэж байжээ. Гадаад худалдаанд Дорнод Энэтхэгийн компани (Кантон хүртэл нэвтрээд байсан) голлож байсан учир уг хязгаарлалаас болж тэр компани их бэрхшээлд учирчээ. Энэ бүх явдал Англид эхэлж, түүний тэргүүлсэн аж үйлдвэрийн хувьсгал гэгчийн үед болж байсныг дараачийн захидалд бичих болно. Уурын машин бий болж, үйлдвэрлэлийн шинэ арга, машин техникийн хэрэглэх болсон нь хөдөлмөр хөнгөвчилж, ялангуяа хөвөн нэхмэл үйлдвэрлэх талаар хөдөлмөрийн бүтээмжийг эрс нэмэгдүүлжээ. Илүү үйлдвэрлэсэн тэр бүх таваарыг худалдах, түүнээс уламжлан шинэ зах зээл хайж олох хэрэгтэй болжээ. Яг тэр үед Англи улс Энэтхэгт ноёрхлоо тогтоогоод байсан учир Энэтхэгт таваараа албадан худалдах арга олж чадах байсан, үнэхээр ч тэгсэн тул энэ талаар Англи их амжилтанд хүрчээ. Гэвч Англи бас Хятадад зах зээл олох хэрэгтэй байв.
Тийнхүү Британий засгийн газар 1792 онд лорд Макардие тэргүүтэй элч төлөөлөгчөө Бээжинд илгээжээ. Тэр үед Английн хаан Георг III байлаа. Цяньлун элч төлөөлөгчийг албан ёсоор хүлээн авч харилцан бэлэг сэлт өгчээ. Гэвч эзэн хаан гадаад худалдаанд тогтоосонэ хязгаарлалтаа ямар нэг байдлаар өөрчлөхөөс татгалзжээ. Цяньлунаас Георг III-т өгсөн хариу илгээлт маш сонин баримт бичиг тул би түүнээс уртаар иш татъя. Уг баримт бичигт ийн өгүүлсэн байлаа: “Хаантан Т далай тэнгисийн тэртээх түмэн бээрийн холд суудаг ч гэсэн Их гүрний эрхэмсэг соёл иргэншлээс амсан гэсэн хүслээ илтгэн элч төлөөлөгч зарж гүнээ мэхийн хичээнгүйлсэн илгээлт бичгийг хүргүүсэн байна … Та бээр чин итгэл журмыг илэрхийлэхийн хамт бас нутаг орныхоо эд бараагаар бэлэг өгчээ. Таны захидлыг хичээн уншлаа. Чин үнэнчээр өчин хүндэтгэсэн Таны үгс сэтгэлд таатай байнам. Дэлхий ертөнцийг захиран суухдаа би төр гүрнээ сайтар төвхнүүлэн, тэр л үүргээ биелүүлэхийг хичээн зорином билээ. Үнэтэй сайхан эдлэл миний сэтгэлийг үл татна. Танай орны эд бараагүйгээр бидний улс болно. Хаантан Та миний үгийг соёрхон сонсох ажааму. Манай хаан сүлдэд хойшид хувиршгүй үнэн итгэлтэй байгаагаа харуулж, улс гүрнээ энх амгалан мандуулахыг хичээгтүн… Их төрийн сүлдэнд залбиран даруй дагаж захирагд!” гэжээ.
Георг III түүний сайдууд энэхүү хариуг уншаад яавч хирдхийн цочсон нь магад! Гэвч өөрийн орны соёл иргэншил, сүр хүчний давуутайд үнэнхүү итгэсэн нь энэ захидлаас харагдах боловч үнэн хэрэг дээрээ тэгж үзэх бат үндэс байхгүй байв. Манж чин улс Цянлун хааны үед үнэхээр сүр хүчтэй байсан нь үнэн. Гэвч эдийн засгийн байгуулалд гарсан өөрчлөлт түүний үндэс суурийг сулруулсан байжээ. Дээр дурдсан нууц нийгэмлэгүүд чухамдаа дургүйцэл ихэссэний шинжийг илтгэж байлаа. Гэхдээ хамгийн гоомой нь гэвэл улс орноо эдийн засгийн шинэ байдалд зохицуулахыг хичээгээгүйд оршино. Гэтэл тэр үед Өрнө дахин шинэ байгууллын замаар урагш ахиж, хурдан хөгжиж, улам хүч чадалтай болж байлаа. Эзэн хаан Цяньлун английн хаан Георг III-т ихэмсэг хариу бичиж илгээж байсан тэр цагаас хойш дал хүрэхгүй шахам жил өнгөрсний дараа Хятад орон Англи, Францын доромжлолд өртөж түүний бардам дээрэнгүй зан нэгэнт хөлийн улан доор гишгэгджээ.
Тэгэхдээ би Хятадын талаар дараа захидал бичих хүртэл энэ яриагаа түр хойшлуулъя. Цяньлуны таалал төгссөнөөр бид чухамдаа арван наймдугаар зууны төгсгөлд тулж очсон билээ. Гэвч энэ зууныг дуусахаас өмнө Америк болон Европт олон үйл явдал болж өнгөрчээ. Энэ зууны сүүлчийн хорин таван жилд Өрнө дахинаас Хятадад үзүүлэх дарамт суларсан явдал Европт дайн самуун ихэссэнтэй холбоотой нь мэдээж юм. Ингээд бид дараачийнхаа захидалд Европын тухай өгүүлж, яриагаа арван наймдугаар зууны эхэн үеэс дахин үргэлжлүүлж, түүнийг Энэтхэг, Хятадад болж байсан үйл явдлуудтай холбон үзэх болно.
Одоо захидлаа дуусгахын өмнө Оросууд дорно зүг ахих болсон тухай өгүүлье. 1689 онд Орос, Хятадын хооронд Нерчиний гэрээ байгуулагдсанаас хойш бүтэн хагас зууны турш оросуудын нөлөө Дорно зүгт өсөн тэлсээр байлаа. 1728 онд орост алба хааж байсан Данийн ахмад Витус Беринг Азийг Америкаас тусгаарлагч усан хоолойг судлаан нээжээ. Тэр хоолойг одоо хүртэл Берингийн хоолой хэмээн нэрлэдийг чи мэддэг ч байж болох юм. Беринг тэр хоолойг гатлан Аляск хүрч түүнийг оросын эзэмшил нутаг хэмээн зарлажээ. Аляск ангийн үс элбэгтэй бөгөөд Хятадад ангийн үс тэргүүтэн их хэрэгцээтэй байсан тул Орос Хятадын хоорондын ангийн үсний худалдаа дорвилог хөгжиж, арван наймдугаар зууны эцсээр Оросууд Английг дамжин Канадын Гудзоны булан хавиас ангийн үс зөөж аваачин, дараа нь Сибирийн Байгал нуурын ойролцох Хиагт дахь ангийн үсний том зах зээл рүү илгээх болжээ. Ангийн үс мөн ч их зам туулж байж шүү!
Нэгэн хэвийн болчихгүйн тулд энэ захидлыг урьдахаас арай товч бичлээ. Ийм өөрчлөлт чамд таалагдах болов уу хэмээн горьдном.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s