БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХӨДӨЛМӨР – ЗУРАГТ СУРГАХ АРГА ЗҮЙ

П.Бямбадорж, Ш.Гандолгор

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХӨДӨЛМӨР – ЗУРАГТ СУРГАХ АРГА ЗҮЙ /Цэцэрлэгийн багш нарт/

Улаанбаатар 1994

П.Бямбадорж, Ш.Гандолгор

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХӨДӨЛМӨР – ЗУРАГТ СУРГАХ АРГА ЗҮЙ /Цэцэрлэгийн багш нарт/

Редактор  Г.Энхбаатар

Зураач Ш.Гандолгор

Уран сайхны редактор Б.Цог

Техник редактор Д.Мөнхжаргал

Хянагч О.Заяа

ШУБЯ-ны Хэвлэлийн “Номин” Компанид эх бэлтгэж хэвлэв.

Нэгдүгээр бүлэг. ХӨДӨЛМӨР ЗААХ АРГА

Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил сургалтын хөтөлбөрт хүүхдийг хөдөлмөрийн энгийн дадалтай, хөдөлмөрлөх дур сонирхолтой болгож хүмүүжүүлэхийг тодорхой заасан билээ. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хүүхдийг насанд хүрэгсдийн хөдөлмөртэй танилцуулж хүний хийж байгаа хөдөлмөрийн нийгмийн ач холбогдлын тухай төсөөлөл төлөвшүүлэн, хөдөлмөрч хүмүүсийг хүндэтгэх, тэдний хөдөлмөрийн үр бүтээлийг хайрлах хүмүүжил олгоно.

Үүний хамт хүүхдийг хөдөлмөрийн үйл ажиллагаанд багаас нь оролцуулж, хөдөлмөрлөх дадал олгож, ажлаа зохион байгуулах, үе тэнгийнхэнтэйгээ аятай харилцах чадвартай, өөрийн хийх хөдөлмөрийн зорилго, явц, үр дүнг ойлгож хөдөлмөрлөх дур сонирхолтой болгоход анхаарлаа чиглүүлж ажиллах хэрэгтэй.

Бага насны хүүхдийг хөдөлмөрт сургах ажлыг нас бие бялдрын онцлогтой зөв хослуулсан нөхцөлд тэднийг хөдөлмөрлөх дур сонирхолтой болгож хүмүүжүүлэх боломж бүрддэг байна.

Хүүхдийг хөдөлмөртэй танилцуулах ажлыг хичээл ба хүмүүжлийн ажлын явцад зохион байгуулж байх шаардлагатай. Юуны өмнө хүүхдийг эцэг эх, ах эгч, ойр дотнын хүмүүс болон цэцэрлэгийн хүмүүжүүлэгчдийн хөдөлмөртэй танилцуулж, тэдгээр хүмүүсийн ажил хөдөлмөртөө анхааралтай, үнэнч, идэвх хариуцлагатай, няхуур, нямбай, бие биедээ тусархаг хандаж байгаа байдлыг онцлон ажиглуулдаг байх хэрэгтэй.

Бүлэг тус бүрийн хүүхдэд танилцуулах хөдөлмөрийг “хүмүүжил-сургалтын” программын орчинтой танилцуулах хэсэгт тодорхой заасан. Цэцэрлэгт хүүхдээр хийлгэх хөдөлмөрийг дөрвөн хэлбэрээр зохион байгуулна. Үүнд:

  1. Өөртөө үйлчлэх хөдөлмөр – энэ хөдөлмөр нь хүүхдийн өдөр тутмын хувийн хэрэгцээг хангахад чиглэгдэнэ.
  2. Гэр ахуйн хөдөлмөр – энэ хөдөлмөрийн үед хүүхэд, өөрсдийн амьдарч байгаа өрөө тасалгаа, гэр, талбай, юмсыг цэвэр аятай байлгах асуудалтай холбоо бүхий үүрэг гүйцэтгэнэ.
  3. Байгалийн булан, туршлагын талбайд хийх хөдөлмөр – байгалийн булан, цэцгийн мандал, ногооны газар ажиллана.
  4. Гар хөдөлмөр – даавуу, байгалийн зүйлсээр наадгай, зохион бүтээхэд чиглэгдэнэ.

Хөдөлмөрийн үйл ажиллагааг бүх бүлэгт хичээлийн бус цагаас зохион байгуулна. Хүүхдээр хийлгэж болох хөдөлмөрийн агуулгыг орон нутгийн онцлогийг харгалзан өөрчлөх, арга барилаа сонгох талаар багш нар бүтээлчээр сэтгэж ажиллавал зохино. Багш хүүхдийн хөдөлмөрийг зохион байгуулж удирдахдаа хүүхэд нэг бүрт тодорхой ажил ээлж дараатай өгч хийлгэх, жижүүрлүүлэх, хамтарч ажиллуулах хэлбэрүүдийг ашиглана.

Хөдөлмөрийн хүмүүжлийг хүүхдэд амжилттай олгохын тулд хүүхдийн хамт олныг байнга ажиллуулж байх нөхцөл, уур амьсгалыг бүрэлдүүлэх шаардлагатай. Өдрийн бүхий л үе дэх хүүхдийн төрөл бүрийн үйл ажиллагааг нарийвчлан бодож зохион байгуулах, насанд хүрэгсэд биеэрээ үлгэрлэж байх явдал хүүхдийн хөдөлмөрийн хүмүүжилд ихээхэн нөлөө үзүүлдэг. Хүүхэд бүр өдөр тутам өөртөө үйлчлэх хөдөлмөрөөс гадна хөдөлмөрийн бусад хэлбэрийн аль нэгэнд заавал оролцож байх байдлаар төрөл бүрийн үйл ажиллагааг зохицуулан төлөвлөж, хүүхэд нэг бүрийг тухайн ажилд сургана.

Хөдөлмөрийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардагдах багаж хэрэгсэл, төхөөрөмжийг зохих ёсоор бэлтгэж хүүхдэд ашиглуулна. Тэдгээр нь гоозүй, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хүүхдийн насны онцлогт тохирсон байх  ёстой.

Сургуулийн өмнөх насны хүүхдэд хөдөлмөрийн хүмүүжил олгоход дараах нөхцөлийг хангасан байна. Үүнд:

  1. Хүүхдийн хөдөлмөрлөх өрөө, байрыг сайтар агааржуулан, гэрэл гэгээтэй байлгах.
  2. Сургуулийн өмнөх насны хүүхдийн насны онцлог, хийх ажлын хэлбэр, агуулгад хөдөлмөрийн багаж хэрэгслийг тохируулан сонгох.
  3. Багаж хэрэгсэл нь бөх бат, үзэмжтэй, хүүхэд бие дааж авч хэрэглээд буцааж тавихад хөнгөн зохимжтой байх.
  4. Хүүхдийн хөдөлмөр, амралтын зөв зохицуулж, тэдний биеийн галбирт байнга анхаарч байх.
  5. Хүүхдээр хийлгэж сургах бүх ажлыг багш өөрөө сайн хийж чаддаг, хүүхэдтэй хамтран ажиллаж, тэдэнд тусалдаг байх.
  6. Эцэг эх, ойр дотны хүмүүс болон хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, багш, ажилчид хүүхдэд хөдөлмөрийн хүмүүжлийн асуудлаар нэгдмэл шаардлага тавьдаг байх.

Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөдөлмөрийг удирдаж зохион байгуулахад сурган хүмүүжүүлэх төрөл бүрийн арга барилыг хэрэглэнэ. Үүнд:

  1. Тайлбарлан үзүүлэх арга
  2. Дагалдуулан хийлгэх арга
  3. Бие даалгаж ажиллуулах арга
  4. Тоглоом наадмын арга

Эдгээр аргыг хүүхдийн насны онцлогт тохируулан хэрэглэсний үндсэн дээр тэднийг хөдөлмөрлөх чадвар дадалтай хөдөлмөр хийх дур сонирхолтой болгож хүмүүжүүлнэ.

Хөдөлмөрийн үйл ажиллагааны явцад хүүхдийн мэдрэх эрхтнүүдийг жигд ажиллуулж, булчингийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор хөдөлмөрийн ээлж дарааллыг зөв зохицуулах нь чухал. Хүүхдээр нэгэн төрлийн ажлыг 8-10 минут хийлгэсний дараа өөр төрлийн ажилд шилжүүлэх буюу амраана. Хэт түргэн ба урт хугацаагаар үргэлжлүүлэн ажиллуулбал хүүхэд амархан ядарч аажимдаа ажиллах сонирхол нь буурах муу талтай.

Хөдөлмөрийн багаж хэрэгслийг зөв ашиглах нь хөдөлмөрийн соёлтой салшгүй холбоотой. Иймээс хүүхдийг ажлын байраа эмх цэгцтэй байлгаж ажил хөдөлмөрт байнга, зайлшгүй хэрэг болдог багажийг ойр, эмх цэгцтэйгээр байранд нь тавьдаг байх дэглэм журмыг тогтоож хэвшүүлнэ.

Хүүхдэд хийх ажил өгөөд юуны өмнө түүнийг ямар аргаар яаж хийхийг тайлбарлаж ойлгуулна. Хүүхэд өөрөө уул ажлыг хийж чадна гэдэгт итгэсэн байх явдал чухал. Иймийн тул хийж буй зүйлд нь туслах, хэрэгцээ гарвал хүүхдийн хийж бүтээнэ, сурна гэсэн урам зориигийг мохоохгүйгээр дэмжиж урамшуулах арга барилыг эвлэгээр ашиглана. Хүүхдийг цэцэрлэгт ирсэн анхны өдрөөс нь эхлэн оршин амьдарч буй байр, талбайг эмх цэгцтэй байлгаж сургах шаардлагатай. Тоглож хичээллэсний дараагаар бүх зүйлийг хурааж байранд нь тавьдаг болгож сургана. Гэхдээ дараагийн өдөр нь үргэлжлүүлэн тоглоход зайлшгүй хэрэгцээтэй, хүүхдийн өрж байгуулсан зүйл, наадгай зэргийг тоглож байсан байдлаар нь үлдээж болно. Зугаалганд гарах, гэртээ харихын өмнө хүүхдээр бүх зүйл байрандаа байгаа эсэхийг ажиглуулж шалгуулаад ёсоор хийдэг болгож сургана. Хүүхдийг үүрэг даалгавар хэрхэн биелүүлж, ажлаа яаж хийсэн тухайгаа хүмүүжүүлэгч багш нарт мэдэгдэх буюу үзүүлэн дүгнүүлж хөдөлмөрийг үнэн сэтгэлээсээ сайн хийдэг болгож сургана. Хүүхдийн эрмэлзэл чармайлт, идэвх оролдлого, нөхдөдөө хандах найрсаг харилцаа зэргийг багш сайшаан урамшуулна. Хүмүүжүүлэгч багш хүүхдийн хөдөлмөрийн үр дүнг үнэн зөв үнэлж дүгнэдэг байх нь чухал. Ямар нэгэн зүйлийг хүүхдэд бие даан хийж чадахгүйд хүртэл хичээж оролдвол юуг ч бүтээж болохыг итгүүлэн, дэмжиж тусална.

Нэг. Өөртөө үйлчлэх хөдөлмөрт хүүхдийг сургах

Хоол, цайны ширээг цэвэрхэн бүтээлгээр бүтээж, сайхан зассан байдлыг хүүхдэд ажиглуулан, манай ширээг гоё засаж, цэвэрхэн бүтээсэн нь хэчнээн гоё харагдаж байна вэ?гэж тэдний сэтгэлийн хөдөлгөөнд нөлөөлөхийн хамт хооллохдоо асгахгүй байхыг сануулж, болгоомжтой хооллоорой гэж хүмүүжүүлэгч-багш хэлээд “тавтай хооллоорой” гэдэг үгийг хүүхдүүддээ хандан хэлж, тэднийг бие биестээ бас энэ ёсоор ханддаг байдалд сургана.

Халбагыг баруун гарт нь зөв бариулж хоолоо бага багаар дуу чимээ гаргалгүй халбагадахыг тайлбарлан үзүүлнэ.

Хооллож буй үед хүүхэд буруу суусан, халбага зөв барьж чадаагүй зэрэг байдал гарвал бусад хүүхдийн анхаарлыг сарниулахгүйгээр хүмүүжүүлэгч тухайн хүүхдэд ойртон очиж дэргэд нь зөв хооллож буй хүүхдийг ажиглуулах буюу өөрөө зааж зөвлөнө.

Хүүхдийг нүүр гараа угааж сургахад багагүй цаг хугацаа хэрэгтэй байдаг. Иймээс юуны өмнө хүүхдийн гар нүүрээ угаах үйл хөдлөлийн дэс дарааг тогтоож өгнө. Хүүхдийг цэцэрлэгт ирсэн анхны өдрөөс нь эхэлж гараа усаар норгох, савандах, гарын алгыг хооронд нь дахин дахин үрэх, мөн гарын ар талыг угаах зэрэг үйл хөдлөл хэрхэн хийхийг хүмүүжүүлэгч өөрөө үзүүлэн зааж сургана. Эхний үед том хүний туслалцаатайгаар ханцуйгаа шамладаг болгоод, өөрөө шамлаж чаддаг болсон хүүхдийг нөхдөд нь туслалцуулах, гар нүүрээ улам сайн угаадаг болгох зэргээр шаардлагыг аажмаар өндөржүүлнэ.

Нүүр гараа угааж дуусмагц өөрийн таниих тэмдэгтэй алчуураар сайн үрж, шувтран, хаттал арчих чадвар эзэмшүүлнэ. Алчуураа газар чирэхгүйгээр зөв барьж арчихыг хүүхдэд үзүүлж тайлбарлаад, зөв арчиж байгаа хүүхдийг сайшаан урамшуулна. Хүмүүжүүлэгч нүүр гараа угаах үед нь хүүхэд нэг бүрийг сайн ажиглаж, цэвэрхэн болсныг нь онцлон сайшаана.

Зарим хүүхэд гэртээ байхдаа нүүр гараа өөрөө угааж сурсан байдаг тул тийм хүүхдийг бусад хүүхдэд үлгэр дуурайл болгож “Хүүхдүүд ээ Тунгалаг шиг сайн угаагаад, сайхан арчаарай!гэхэд бусад хүүхэд түүнийг дуурайдаг.

Хувцсаа өмсөх, тайлах чадвар дадлыг хүүхдэд эзэмшүүлэхийн тул хүмүүжүүлэгч асрагч, эцэг эхчүүд хүүхдийн хувцсыг ямар дэс дараатай тайлж, хаана яаж тавих журмыг тохиролцон тогтоож хүүхдэд мэдүүлээд хувцсаа өөрөө өмсөх, тайлахад сургана. Ер нь хүүхдээр хийлгэж сургах ёстой ажлыг эцэг эхэд нь заавал танилцуулж мэдүүлсэн байна.

Хүүхдийг хувцсаа өмсөх тайлах үед хүмүүжүүлэгч ба туслах багшийн хэн нэг дэргэд нь заавал байж хувцсаа яаж өмсөх, тайлахыг үзүүлж, зааж өгөөд, дараа нь хүүхдээр давтуулан хийлгэж, чадахгүй зүйл дээр нь тусална. Унтахын өмнө хүүхдийн хувцсыг тайлуулж, цамц өмд зэргийг сандлыг түшлэг дээр тохож, шаахайгаа сандлын доор, оймсоо суудал дээр нь тавьдаг болгож сургана. Хувцсаа өмсөх тайлахыг эхний үед том хүмүүс заан тусалж бие даасан байдалд нэлээд дадахын хамт харилцан бие биедээ тусалдаг болгож сургана. Тухайлбал: гутлаа үдэх, товч товчлах зэрэгт туслуулна.

Хүүхдийн хувцасны товч  томоохон, нүх нь хэт бариугүй байхыг эцэг эхэд зөвлөж байх хэрэгтэй. Хүүхэд хувцсаа өөрөө өмсөх, тайлах чадвартай болсон үед тэдэнд шууд туслахыг яарахгүйгээр яаж хийхийг хэлж сануулж зөвлөнө. Хувцсаа хэрхэн ямар дэс дараатай өмсөх ба тайлах, эмх цэгцтэй эвхэж тавихыг харуулан зураг үзүүлж ярилцах аргаар хүүхдийн өөрөө биеэ дааж ажиллах чадвар дадалд нь нөлөөлнө.

Хүүхдийн бие дааж ажиллах сонирхлыг өрнүүлэхэд тоглоомын арга ихээхэн нөлөөтэй. Хүүхэлдэйгээ хувцаслая, унтуулъя, хооллоё гэх мэт тоглоом зохион байгуулж хүүхдийн тоглох сонирхлыг хүүхэлдэйн хувцас тайлах, өмсөх, хооллох зэрэг үйл ажиллагаатай холбосон үед маш сонирхолтой болж ингэснээр хүүхэд тухайн үйлдлийг албадлагагүйгээр хийж аажмаар дадал болгон эзэмшдэг байна. Ийм сургах тоглоомыг агуулга, зохион байгуулалтын хувьд хүмүүжлийн зорилгод нийцүүлэн хүмүүжүүлэгч багш нар өөрсдөө зохиож ашиглах бололцоотой юм. Үүнийг тодорхой жишээн дээр авч үзье. “Хүүхэлдэйгээ хувцаслая” гэдэг сургах тоглоомыг бага бүлэгт явуулахдаа энэ тоглоомд 3-5 хүүхэлдэй, тэдгээрт тохирох цамц, дээл, бүс алчуур бэлтгэн бүх хүүхдэд харагдахаар тавьсан байна.

Тоглох журам. Хүүхдүүд ээ! энд ямар олон гоё хувцас байна вэ? Хүүхэлдэйндээ өмсгөцгөөе.  Энэ хүүхэлдэйнд ямар өнгийн дээл өмсгөвөл зохих вэ?гэж хүмүүжүүлэгч багш асууна.

Хүүхдүүд:

-хөх, улаан, шар гэх мэтээр хариулна.

Багш:

-Чимгээ гарч ирээд энэ хүүхэлдэйнд тохирох дээлийг нь өмсгөөрэй гэж хэлнэ. Дээлний хойд урд тал, энгэр зах, товч бүчийг нэрлүүлэн бүх товчийг нь товчлоорой гэдгийг сануулна. Энэ мэтээр үргэлжлүүлэн хүүхэлдэйг хувцаслах ажиллагаанд хүүхдүүдийг идэвхтэй оролцуулна. Дараа нь хүүхэлдэйн бүсийг нь бүсэлж, алчуурыг өмсгөнө.

Тоглох явцад хүүхэлдэйн хувцсыг буруу өмсгөсөн буюу зөв нэрлэж чадахгүй байгаа хүүхдэд нөхдөөр нь туслалцуулах, хүмүүжүүлэгч багш өөрөө хэлж сануулна.

Хүүхэлдэйн хувцсыг зөв нэрлээд түргэн, бүрэн өмсгөж чадсан хүүхдүүдийг сайшаан урамшуулна. Энэ тоглоомыг дунд, ахлах, бэлтгэл бүлэгт явуулах үед агуулгыг нь улам өргөжүүлж хүүхдээр гүйцэтгүүлэх ажил үйлийг нэмэгдүүлнэ.

Хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөнд уран зохиол ихээхэн нөлөө үзүүлж хэцүү мэт санагдаж байсан зүйлийг хялбар амархнаар эзэмших хүсэл сэтгэгдэл төрүүлдэг байна.

Жишээлбэл: Корней Чуковскийн “Зад угаагч” гэдэг зохиолын хэсгээс уншиж өгнө.

Савантай усаар угааж

Сайхан байдлыг эрхэмлэн

Өглөө үдэшгүй угааж

Үргэлж цэвэр байгаарай

Олиггүй муухайг жигшиж

Оо савантай нөхөрлөн

Хэзээ ч гэсэн цэвэрхэн

Хиргүй цэвэр байгтун

Хөө шиг муухай байдлыг

Хөөж тонилгох хэрэгтэй

Цалгар муухайг арилгаж

Сайхан цэврийг эрхэмлэн

Сайхан ус, рашаан ус

Бузар хирийг арилгагч

Саван оо, сам шүүр

Энэ зүйлийг эрхэмлэн

Эрүүл саруул явцгаая

Гэдэг хэсгийг буюу зохиолыг бүрнээр нь уран тод уншиж танилцуулснаар хүүхдийн сэтгэлд хурц тод дүрслэл бий болдог.

Хүүхдийн бие даасан үйл ажиллагааг хүмүүжүүлэгч багш тодорхой дүгнэн урамшуулахдаа тэдний сэтгэлийн хөдөлгөөнд нөлөөлж байх нь чухал. Тухайлбал:

Хүүхдүүд ээ! Манай Оюун, Гэрлээ хоёр өнөөдөр хүүхэлдэйгээ их түргэн зөв хувцаслаж байна. Эдэнд Түвшин, Энхээ нар тусалжээ. Одоо бүгдээрээ гадаа гарч сайхан тоглоцгооё гэх мэтээр дүгнэн урамшуулна.

Хоёр. Гэр ахуйн хөдөлмөрт хүүхдийг сургах

Бага бүлэг: Хүүхдийн цэцэрлэгийн цагийн хуваарь ёсоор тоглох хугацаа дуусаж дараагийн ажил эхлэхийн өмнөх тухай бүр тоглоом наадгайг зохих байранд нь тавих ажлыг хүүхдийг цэцэрлэгт орсон анхны өдрөөс нь багш сайн тайлбарлаж, хийж үзүүлсний үндсэн дээр өөрийгөө дагалдуулан хийлгэнэ. Хүүхэд бүр олон удаагийн дасгалаар тоглоом-наадгайгаа зохих байранд нь тавих хүсэл эрмэлзлэлтэй болж, бие даан хийх чадвар дадал тогтоно.

Бүлгийн өрөөг эмх цэгцтэй байлгадаг болгохын тулд хүүхэд өөрийн таних тэмдэг бүхий сандлыг чимээ гаргалгүйгээр суудлын урд хажуу ба түшлэгээс хоёр гараараа барьж өргөөд зохих байранд нь тавих журмыг сайн тайлбарлаад үзүүлэ, өөрсдөөр нь хийлгэнэ.

Тоглоом наадгайг эмх цэгцтэй байрлуулах ажил хийлгэж сургахдаа хүүхдийг бие биедээ тусалдаг болгохын тулд “Батаа! Цэцгээ, ганцаараа тоглоомоо хурааж байна. Түүнд тусалбал баярлана даа. Чи очоод хамтарч ажиллая гэж хэл! Гэх мэтээр багш хүүхдийн үйл ажиллагааг удирдаж хамтын хөдөлмөрт бэлтгэх ба ёс суртахууны эерэг чанар төлөвшүүлэхэд анхаарна.

Хичээлд хэрэглэх цаас, будгийн харандаа гэх мэт зүйлийг ширээн дээр тавих, хураах ажлыг хүүхэд бүрээр ээлж дараатай хийлгэж сургана.

Тэгэхдээ багш өөрөө хамтран ажиллаж, үлгэрлэх, даган дуурайлгах, бие даалган ажиллуулах аргуудыг хэрэглэнэ. Жишээлбэл: Дорж оо! Чи зураг зурах цаасыг ширээ бүр дээр багш шигээ тэгшхэн тавиарай! Гэх мэтээр дуурайлган сургана.

Хичээлд хэрэглэсэн будаг, цаас, ном, цавуу, савх мод, тарааж өгсөн зүйлийг хүүхэд нэг бүр хурааж зохих байранд тавьдаг болгохын тулд тэдгээрийг хаана ямар газар яаж тавих дэглэм журмыг тайлбарлаж үзүүлсэн байна. Тэдгээрийг тавих тавиур буюу шүүгээ нь хүүхдийн нуруу хүрэх хэмжээнд байхаас гадна дотор нь юмаа төрөлжүүлэн тавих бололцоотой байх нь чухал.

Өрөө тасалгаанд хаясан цаас, талбайд унасан навч түүх ажилд хүүхдийг оролцуулсны дараа гарыг нь заавал угаалгах ба навч түүхэд малтуур хэрэглэнэ.

Хооллохын өмнө ширээн дээр амны алчуур, тавагтай талхыг тавих, халбагыг баруу гар талд байрлуулах ажилд хүүхдийг оролцуулна. Аажимдаа хүүхэд бүр уг ажлыг хийж сурмагц хоолны тавгийг ширээн дээр тавих ажил хийлгэж сургана.

Жижүүр хүүхдийн хийсэн ажлыг үнэлэхдээ тоглоомын арга барил хэрэглэнэ. Жишээ нь:

Хүүхдүүд ээ! Ишигхэн хүүхэлдэй бидэнд ингэж хэллээ.  “Солонго, Өнөр хоёр өчигдөр ширээгээ гоё зассан байна. Энэ хоёрынхоо зассан ширээнд сууж тавтай сайхан хооллоорой” гэж байна гээд ишигний дүртэй хүүхэлдэйг бариад хүүхдүүдтэй харьцахад тэд маш их баярлан ишигхэн руу дахин дахин харж хооллодог.

Дунд бүлэг. Дунд бүлгийн хүүхдийг 2-4-өөр нь ээлжлэн жижүүрлүүлнэ. Хичээл ба хоолны ширээ засах, хураах, номын булангийн номыг эмх цэгцтэй байлгах, ахмад хүмүүсийн тусламжтайгаар байгалийн буланг цэгцлэх зэрэг ажлыг хүүхэд өдрийн цагийн хуваарьт заасан үйл ажиллагааны явцад хийж сургана.

Ахлах, бэлтгэл бүлгийн жижүүр хүүхдийн хормогчоо өмсөх, ширээгээ бүтээж буй байдал, сав суулгыг ширээн дээр тавих ажлыг хэрхэн хийж байгааг дунд бүлгийн хүүхдэд сайн ажиглуулан тайлбарлана. Дараа нь өөрийн бүлгийн хоол, цайны хэрэглэлээ хаана хадгалдгийг үзүүлж, ширээгээ гоё сайхан засах, аяга, таваг, халбагыг хэрхэн байрлуулахыг хүмүүжүүлэгч багш тайлбарлан хийж үзүүлнэ. Жижүүр хийж буй хүүхэд бүрт эхний үед ажиллах арга барилыг заах шаардлагатай. Жишээлбэл: Сэнжтэй аягыг сэнжнээс нь, тавгийг хоёр гараараа барина гэх мэтээр зааж сургана.

Жижүүр хүүхдийн ажлын агуулга, аажмаар нэмэгдүүлж чадвар дадлыг нь бататгана. Энэ бүлгийн хүүхдийн тоглоомын булан, гадаа талбайг цэвэрлэх ажилд оролцуулахдаа хийх ажлын агуулга, хэмжээг тэдний нас биеийн онцлогт тохируулж хуваарилаад тоглоомын буланд байгаа модоор хийсэн, өрж байгуулах тоглоом-наадгайг чийгтэй алчуураар арчих, талбайд унасан навчийг малтуураар овоолох зэрэг ажил хийлгэнэ. Ор засах, хураах үед орны даавууг дэвсэх, эвхэх, хөнжлөө тавих ажлыг хийлгэж сургана. Харин орыг өргөж хураах, засах ажлыг ахмад хүмүүс хийнэ. Учир нь хүүхдийг элдэв ослоос урьдчилан сэргийлэхийн хамт эрүүл ахуйн шинжлэх ухааны үүднээс сургуулийн өмнөх насны хүүхдийн өргөх зүйлийн хүндийн хэмжээ нэг гарт 1 кг-аас хэтрэхгүй байна гэж тогтоожээ.

Тоглоом-наадгай, амны алчуур зэргийг угаах ажилд хүүхдийг сургахдаа шаардагдах нөхцөлийг сайн хангаж бэлтгэсэн байна. Уг ажлын явцад багш, хүүхэд нэг бүрийн үйл ажиллагааг сайн ажиглаж дахин зөвлөх, сануулаах, туслах барил хэрэглэнэ. Ажлын төгсгөлд хүүхдийн ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, гаргасан алдаа дутагдлыг нь засах арга барилд тэдний анхаарлыг төвлөрүүлнэ.

Амны алчуур угаах ажлыг зохион байгуулахад хоёр хүүхдийн дунд нэг түмпэн, саван байхаар бодож бэлтгэнэ. Амны алчуурыг хүүхэд бүрт хүрэлцэх тоогоор тавьсан байна. Хүүхэд бүр амны алчуурыг түмпэнтэй усанд хийж сайн хутган базаж дэвтээнэ. Дараа нь алчуурыг зүүн гар дээрээ дэлгэн тавьж баруун гартаа барьсан савангаар хөөсөртөл нь жигд савандана. Савандаж гүйцээд уг алчуурыг хоёр гарынхаа хооронд барьж усанд дүрж аваад дахин нухалж усанд дүрж савангийн хөөсийг арилган мушгина. Бохир усыг асгаж, шинэ ус хийн алчуурын саванг арилтал базаж, нухлаад мушгиж дэлгэнэ гэж хүмүүжүүлэгч багш тайлбарлан хийж үзүүлнэ. Алчуурыг тусгай хэцэн дээр сайтар тэнийлгэн өлгөхийг хүүхдэд анхааруулна. Энэ ажлыг хүүхдээр хийлгэхдээ нямбай, хичээнгүй ажиллах, усаа асгахгүй болгоомжтой хандах, эхэлсэн ажлаа дуугах зэрэг шаардлагыг хүүхдэд тавина.

Хүүхдийн хийж байгаа ажил бол зөвхөн өөрт нь хэрэгтэй төдийгүй, тэдний үе тэнгийнхэнд, багачуудад, насанд хүрэгчдэд хэрэгтэй гэдгийг багш ухамсарлуулдаг байвал зохино. Энэ нь хөдөлмөрийн нийгмийн ач холбогдлыг ойлгуулахад нөлөөлнө.

Дунд бүлгийн хүүхэдтэй насанд хүрэгчид хамтарч ажиллахдаа хөдөлмөрт дур сонирхолтой хандах, нөхөрсөг харьцах зэрэг байдлыг биеэрээ үлгэрлэдэг байх нь чухал.

Хүмүүжлийн ажлын явцад хүүхдийг өөрийнхөө болон насанд хүрэгчдийн хөдөлмөрийг үнэлдэг, хөдөлмөрийн соёлыг эрхэмлэн ажлаа төлөвлөх, үр дүнтэй зохион байгуулах чадвартай болгохыг анхаарах хэрэгтэй. Энэ наснаас хүүхдийг ажлаа сайн хийж, үр дүнд хүргэдэг болгож сургахын хамт идэвх чармайлттай ажилласан үед нь сайшаадаг байвал зохино. Хүүхдийг 10 минутаас илүүгүй хугацаатай ажиллуулаад амраана. Үүнээс удаан хугацаагаар ажиллуулбал хүүхэд ядарч хөдөлмөрөөс залхдаг болно.

Төрөл бүрийн хэлбэрийн хөдөлмөрт хүүхдийг оролцуулахдаа тоглоомын аргыг хэрэглэх нь үр дүн өгдөг. Тухайлбал: “Оюун түлхүүр” хүүхэлдэй ирээд, хүүхдүүд та нараас хувцсаа угааж өгөөч гэж гуйж байна гэхэд тэд маш дуртай зөвшөөрдөг.

Хүүхдийн хийж байгаа ажлыг үнэлэхдээ тэдний гүйцэтгэсэн үйлдлийг цохож тэмдэглэхээс гадна багаж хэрэгсэлтэй зөв нямбай харьцаж байгаа чадварыг үнэлдэг байх хэрэгтэй.

Хичээлийн жилийн эхнээс хүүхдээр хоолны жижүүр хийлгэж сургана. Анхны үед хүүхдэд ажил хийх арга барил эзэмшүүлэхэд анхаарч аягыг сэнжнээс нь барьдаг, талхны тавгийг хоёр гараараа барьж явдаг болгож сургана. Аажимдаа хичээлийн жижүүр хийлгэнэ. Юуны түрүүнд хиичээлийн хэрэгслийг ширээн дээр бэлтгэж тавьдаг болгоно. Хүүхэд бүрт зохих чадвар дадал олгосны үндсэн дээр бие дааж ажилладаг болгоно.

Жижүүрийн үйл ажиллагааг багш удирдахдаа үзүүлэх, тайлбарлах, хянах, туслах, сануулах зэрэг арга барилыг хэрэглэнэ. Жижүүр хийх нь хамт олныхоо өмнө хүлээсэн үүрэг мөн гэдгийг хүүхдэд ухамсарлуулж өгөх хэрэгтэй. Хүүхдийг хөдөлмөрийг үнэн зөв үнэлж бүрэг, чадвар муутай хүүхдэд итгэл хүлээлгэн дараагийн удаад улам сайн хийдэг болно гэж урамшуулна. Хичээж ажиллаагүй хүүхдийг үнэлэхдээ бие биедээ туслаад анхааралтай, нямбай ажилласан бол ажлаа түргэн дуусгах, сайхан болгох гэх мэтээр бодитойгоор үнэлдэг байх шаардлагатай.

Ахлах, бэлтгэл бүлэг. Хүүхдийг гутал тослохын өмнө түүний шороо, шавар зэргийг арчиж цэвэрлэдэг болгоно. Дараа нь гутлын өнгөнд тохирсон тосыг сойзоор бага багаар түрхэж тараан арчина. Ингэж тос түрхсэний хойно нэлээд байлгаж байгаад зөөлөн даавуугаар гялалзтал зүлгэнэ гэдгийг хүүхдэд тайлбарлан үзүүлэх, даган дуурайлгах аргаар заана.

Гутлыг яаруу өмссөнөөсс оёдол нь ханзардаг ба урагддаг тул гутлын үдээсийг сулруулах, товчийг тайлах зэргээр өмсөхөд бэлтгэж эвтэйхэн өмсөж байхыг хүүхдэд сануулна. Бүлэг тус бүрийн хувцасны өрөөнд гутлын сойз, тос, зөөлөн даавуун алчуур зэргийг тодорхой саванд хийж тавиад хүүхдэд ашиглуулна. Гутал тослох үед хөл тавих гишгүүр бэлтгэсэн байна.

Тууз, алчуур, оймс, хүүхэлдэйн хувцас зэргийг угаалгаж сургахдаа нэг түмпэнд 2-оос илүүгүй хүүхэд хамт юм угаахаар бэлтгэнэ. Юм угаах түмпэнтэй ус, саван, хормогч, угаасан юм тохох хэц, хавчаар зэргийг урьдчилан бэлтгэсэн байна. Угааж буй юмаа сайн савандаж үрэх, цэвэр усанд булхан саванг арилгах, мушгин дэлгэж тохох арга ажиллагааг багш тодорхой дэс дараатайгаар тайлбарлан хийж үзүүлнэ. Угаасан юмыг бага зэргийн чийгтэй байхад 30-40 хэм халуун индүүгээр үрчгэргүй болтол индүүдэж сургана.

Хичээлд хэрэглэсэн алчуур, савх мод, бийр, хулдаасыг жижүүр хүүхдүүдээр угаалгаж сургана. Бүлгийн доторх эд хогшлын тоос шороог өдөр тутмын жижүүр хүүхдээр арчуулж хуванцар, резинэн наадгайг долоо хоног тутмын их цэвэрлэгээний үед угаалгана. Энэ ажилд бүх хүүдийг нэгэн зэрэг оролцуулах буюу эсвэл угаах наадгай цөөн үед хэсэг хүүхдээр хийлгэнэ. Тэгэхдээ багш биечлэн удирдаж зохион байгуулах ба наадгай угаах ажилд оролцоогүй хүүхдээр дараагийн удаад угаалгаж зохих чадвар дадлыг эзэмшүүлнэ.

Бүлгийн их цэвэрлэгээг долоо хоногийн Бямба гаригт тогтмол хийлгэнэ. Их цэвэрлэгээний үед хүүхдүүдийг хэсэг болгон зохион байгуулж цонхны тавцан, сандал, ширээ хуваарилан өгч арчуулна. Тэгэхдээ хүүхэд нэг бүрийн хувийн онцлогийг харгалзан үзэж хийх ажлыг тохируулан хуваарилна. Сандал ширээг арчихдаа тавцангаас нь эхлээд хөлийг нь арчиж дуусгах зэргээр ажиллах дэс дараа, арга барилыг хүмүүжүүлэгч багш сайн тайлбарлаж ойлгуулна.

Хүүхдийг хэсэг болгож ажиллуулахдаа өөртөө ажиллуулахдаа өөртөө итгэл муутай, чадвар дадал султай хүүхдийг сайн зохион байгуулагч хүүхэдтэй хамт ажиллуулах, бие биедээ харилцан тусалж ажилладаг болгоход анхаарна. Хүүхдийг хийх ажлынхаа дэс дарааллыг тогтоох, багаж хэрэгслээ сонгох, зөв хэрэглэх зэргээр ажил зохион байгуулах чадвартай болгоно. Жишээ нь: Ахлах бүлгийн хүүхдүүдэд үзүүлэнгийн шүүгээнд байгаа юмыг янзлах үүрэг өгөхөд нэг нь зургийн хичээлийн материал цэгцлэх, нөгөө нь тоглоомын хайрцаг наах, бас нэг нь ном авах зээргээр ажлаа хуваарилан хийж чаддаг болгоно.

Хүнсний ногоо, жимс угаах цэвэрлэх ажлыг хүүхдэд зааж сургаад угаасан ногоо, жимсийг нь хоолондоо хэрэглэх бололцоо олгодог байвал зохино. Хүүхдийн угааж цэвэрлэсэн ногоог тогоочид өгч орой, өдрийн хоолонд хийх, жимсийг хоолны дараа хүүхдүүдэд өгч байх зэргээр зохион байгуулна. Алим угаах, арилгасан төмс, лууван, манжинг угааж цэвэрлэх ажлыг хүүхдээр хийлгэж сургана.

Ороо засаж, хураах ажлыг хүүхдээр хийлгэж сургахдаа 2-3 хүүхэд хамтарч ажиллах бололцоотойгоор зохион байгуулна. Учир нь орыг дамжлан өргөх, хөнжил, гудас хураах ажлыг хамтарч хийлгэнэ. Зарим наадгай, ном засаж сэлбэх ажлын нэлээд төвөгтэй хэсгийг хүмүүжүүлэгч багш өөрөө хийж, номын захыг тэнийлгэж наах, наадгайн эвдэрсэн эд ангийг бүтэн болгоход хэрэглэгдэх зүйлийг шүүгээнээс авч багшид өгөх гэх мэт ажилд оролцуулна.

Гэр ахуйн хөдөлмөрийн явцад хүүхдийг хийх ажлаа сайн ойлгож аваад гүйцэтгэх дарааллыг бодож төлөвлөх, хэрэглэгдэх зүйлийг бэлтгэх, ажлыг зөв нямбай, сайн хийж дуусгах, нөхдөдөө туслах чадвартай болгож, бусдаас тусламж гуйхдаа ичиж зовохгүй, бусдын ажилд саад болохгүй байх хүмүүжил олгоно. Жишээлбэл: Өрөөнд их цэвэрлэгээ хийхийн өмнө багш, хүүхдүүдийг өрөөгөө сайн ажиглаж ямар ажил хийх шаардлагатай байгааг тодорхойл гэж хэлнэ. Дараа нь багштайгаа хамт хийх ажлаа төлөвлөж хэсгийн ахлагчийг сонгоно. Багш, хэсэг тус бүрийн хийх ажлаа төлөвлөх, хуваарилахад тусална. Их цэвэрлэгээний төгсгөлд хэсгүүд өөрсдийн ажлыг дүгнэж, хамт олны өмнө тайлагнана.

Хөдөлмөрийг ийм хэлбэрээр зохион байгуулснаар хүүхэд бүр өөрийгөө хамт олны гишүүн гэдгийг улам тод мэдэрч өөрийн хийсэн ажлын ач холбогдлыг ухамсарлан ажилд хариуцлагатай хандах сэтгэгдэл төрдөг байна.

Ахлах, бэлтгэл бүлэгт хүүхэд хөдөлмөрийг тоглоомоос ялгаж чаддаг болсон байх тул хөдөлмөр хийхдээ, биеийн ба оюуны хүчээ дайчлан ажиллаж сэтгэл санааны хувьд бэлтгэлтэй болгоно. Заримдаа хөдөлмөрийн үйл ажиллагааны явцад тоглоомын хэлбэр оруулах үе гардаг тул түүнийг нь дэмжиж эхэлсэн ажлаа дуусгадаг болгох хэвшил тогтоох хэрэгтэй. Дураараа байх дуртай хүүхдийг нөхдөдөө зайлшгүй захирагдах нөхцөл байдалд оруулж зохион байгуулагч хүүхэдтэй хамтран ажиллах бололцоо бүрэлдүүлж байвал зохино.

Хүүхэд бүрийг зохион байгуулагчаар ээлж дараатай ажиллуулж, өөртөө итгэдэг болгож хүмүүжүүлэх, өөртөө итгэл муутай хүүхдийг оюун санаа бие бялдрын хүчинд тохирсон үүрэг даалгавар бага багаар өгч, ажиллах хугацааг нэмэгдүүлж дор бүрт нь урамшуулж байх, аажимдаа тэднийг хамтын хөдөлмөрт оролцуулан нийтийн ажил, үйлсэд бусдын адил тэгш эрхтэй оролцож байгаагаа ухамсартай болгоно.

Энэ насны хүүхдийн хийсэн ажлын чанарт ихээхэн анхаарч бие даасан байдлыг нь хөгжүүлэхэд тусалж байвал зохино. Хүүхдийн эзэмшсэн мэдлэг, чадварт түшиглэн тэдний зориг, бүтээлч байдлыг илрүүлэх бололцоо нөхцөл бий болгож өгдөг байх хэрэгтэй. Жишээлбэл: “Багшгүйгээр өөрөө хийж үз”, Бидний хийснээс өөр байдлаар хийхийг хичээгээрэй!” гэх мэтээр хүүхдийн идэвх сонирхлыг өрнүүлнэ.

Ингэж багш, хүүхдээ идэвхжүүлсний үр дүнд тэдний хөдөлмөр сонирхолтой баяртай, үйл ажиллагаа болдог. Харин насанд хүрэгчид хүүхдийн хийсэн зүйлийг тэр даруйд нь өөрчилж засах буюу хайхрамжгүй хандвал хөдөлмөрлөх сонирхол нь буурч тэднийг хүндэтгэж үздэггүй болно.

Гурав. Байгалийн булан, туршлагын талбайд хийх хөдөлмөрт хүүхдийг сургах

Хүүхдийг байгалийн булан, туршлагын талбайд ажиллуулж, байгаль ертөнцийн юмс үзэгдлийн зүй тогтлыг танин мэдүүлэхийн хамт ургамал амьтдыг арчлах чадвар дадал олгоно. Энэ хөдөлмөрийн үед хүүхдийн оюун ухаан, зоригийн чанар нэгэн адил хөгждөг. Ялангуяа хүүхдийн мэдрэхүй ба оюун ухааны хөгжилд ихээхэн ач холбогдолтой.

Ургамал амьтдыг арчлах талаар системтэйгээр зохион байгуулсан хамтын хөдөлмөр нь хүүхдийн хамт олныг нэгтгэж хөдөлмөрт дуртай, даалгасан ажлыг хариуцдаг болгон хүмүүжүүлж хийсэн ажилдаа сэтгэл ханамжтай байдаг болгож сургана.

Байгалийн булан, туршлагын талбайд ажиллуулах нь хөдөө аж ахуйн хөдөлмөрийн хамгийн энгийн чадвар дадлыг хүүхдэд олгон багаж хэрэгслийг эзэмшиж чаддаг, амьтан ургамлыг арчилдаг, амьтан ургамлын өсөлт хөгжилтийн тухай мэдлэгтэй болгоно. Энэ хөдөлмөрийн явцад хүүхдийн ажигч, сониуч чанар хөгжиж, хөдөө аж ахуйн хөдөлмөрт дур сонирхолтой, энэ мэргэжлийн хүмүүсийн хөдөлмөрийг хүндэтгэж хайрлах хүмүүжилтэй болдог. Мөн эх орныхоо байгалийг хайрлан хамгаалж арвижуулахын төлөө эрмэлздэг болно.

Байгалийн булан, туршлагын талбайд төрөл бүрийн ургамал тарьж ургуулах, амьтдыг үржүүлж арчлахын тулд ногооны газар, цэцгийн мандал байгуулах, амьтдын байр бий болгох зэрэг нөхцөлийг бүрэлдүүлнэ. Байгалийн булан, туршлагын талбайд хийх хөдөлмөр нь өвөрмөц онцлогтой бөгөөд гагцхүү энэ хөдөлмөрөөр хүүхдэд хөдөлмөрийн бүтээл, үр дүнг улам тод харуулах боломжтой байдаг.

Бага бүлгийн хүүхдийг хүмүүжүүлэгч-багшийн тусламжтайгаар загас шувуу тэжээх, тасалгааны ургамлыг услах, том навчийг арчих, сонгино болон цэцгийн том хэмжээний үрийг суулгах, услах, хүнсний ногоо хураах, талбайн цас малтах зэрэг ажил хийлгэж сургахыг программд заасан. Эдгээр ажлыг өглөө, өдөр, оройн цагаар, хичээлийн бус үед зохион байгуулна.

Эхний үед хүмүүжүүлэгч-багш өөрийн хийж байгаа ажилд хүүхдийг туслалцуулж, аажмаар нэг бүрчилсэн ба хэсэг хүүхдэд тодорхой үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлнэ. Жишээ нь: Байгалийн булан дахь ургамлын тоосыг цэвэрлэх ажлыг хүмүүжүүлэгч-багш өөрөө хийх үед: “Хүүхдүүд ээ! Навчны тоосыг яаж арчихыг сайн хараарай. Том навчийг алган дээрээ таньж, чийгтэй алчуураар ингэж хөнгөн арчина” гэж тайлбарлан үзүүлээд “Одоо та нараас Дорж, Навчаа нар гарч ирээд надад туслаарай” гэх мэтээр хүүхдийг хөдөлмөрт татан оролцуулна.

Нэг бүрчилсэн үүрэг даалгавар нь талбайд унасан навч түүх, цэцэг услах гэх мэт хүүхдийн хүч чадварт тохирсон байхын хамт тэр даалгаврыг гүйцэтгэх үед шүршүүрийг зөв барьж усаа зөөлөн гоожуулах зэрэг арга барилыг хүмүүжүүлэгч зааж сургана. Үүний зэрэгцээгээр дээрх үүрэг даалгаврыг гүйцэтгэхийн ач холбогдлыг хүүхдэд сайн ойлгуулна.

Ургамлын тоосыг цэвэрлэснээр цэвэрхэн, сайхан боллоо. Цэцэг ургамлыг услахгүй байвал навч нь хатаж ургахгүй болно гэх мэт учир шалтгааныг ухамсарлуулахад анхаарна. Энэ насны хүүхэд нь дүрслэлт үйлдлийн сэтгэхүйтэй байдаг учраас программын шаардлага нь үзүүлэх тайлбарлах, биечлэн ажиллуулж үйлдүүлэх аргаар явуулсан сургалтын үр дүнд хэрэгжинэ.

Хүүхдэд мэдүүлбэл зохих зүйлийг хүмүүжүүлэг-багш тайлбарлан үзүүлж практик даалгаврыг хэрхэн гүйцэтгэх арга замыг заана. Үүний тулд хүмүүжүүлэгч-багш өөрөө зөвхөн тайлбарлаж үзүүлээд зогсохгүй, хүүхдээр яриулах, үйлдүүлэх аргыг хэрэглэнэ. Хүүхдээр яриулж үйлдүүлэх зүйл нь хөнгөн хялбар байх ёстой. Жишээ нь: Ургамлын ишийг зааж, ямар хэмжээний урттай байгааг дүрслэн үзүүлэх, цэцэг навчийг нь зааж үнэр нь ямар байгааг үнэрлэх, хэлэх зэрэг дүрслэлт үйлдлийг хүүхдээр хийлгээд, тэднийг биечлэн ажиллуулна.

Байгалийн буланд ажиллуулахдаа цэцэг ургамлыг усалдаг болгож сургах ажлаас эхлэхийн хамт овъёос, сонгино тарьж үрслүүлэх, том үртэй цэцгийн үр суулгах, цэцгийн том навчийг арчиж цэвэрлэх чадвар дадал олгоно.

Ургамлыг арчилж сургах ажиллагааг услахаас эхэлдэг учир шүршүүрийг зөв барьж цоргыг цэцгийн савны амсарт чиглүүлэн усална. Үүний зэрэгцээгээр хүүхдийг савтай цэцэг ургамлын шороо хатсан эсэхийг хараад өнгөөр нь эсвэл барьж үзээд хуурай нойтон байдлаар нь ялгаж услах болсон эсэхийг мэддэг болгоно. Бас ус чийг дутагдсан үед ургамлын навч, иш нь уян хатан биш болсныг хүүхдэд ажиглуулан ялгуулна.

Услахдаа савны дотор талд ус бага зэрэг тунаж иртэл услах хэрэгтэйг мэдүүлнэ. Энэ насны хүүхэдтэй цэцгийн тоос  шороог цэвэрлэж арчлах ажил жилд хэд хэдэн удаа зохион байгуулна. Цэцгийн тоос шороог цэвэрлүүлэхдээ юуны өмнө том навчтай цэцгийг болгоомжтой нямбай арчиж цэвэрлэх чадвар дадал олгоно. Жишээлбэл: Удамбор цэцгийн навчийг арчуулахдаа Хүүхдүүд ээ! Манай цэцгийн навч тоостой байна. Цэцгийг гоё болгож, түргэн ургуулахын тулд тоосыг нь арчиж цэвэрлэх хэрэгтэй. Өнөөдөр бүгдээрээ цэвэрлэнэ. Яаж хийхийг би та нарт үзүүлье.

Алчуураа норгоод усыг нь хагас базаж дэлгэнэ. Цэцэгний нэг навчийг зүүн гарын алган дээр тавьж, баруун гарт барьсан алчуураар навчны дээд талыг аажим болгоомжтой арчиж дараа нь доод талыг нь арчина. Алчуурын тоосыг базаж мушгисны дараа өөр навч арчина гэж тайлбарлана.

Ингэж ургамлын тоосыг арчих угаах ус нь бүлээн байх ёстой. Ургамлын тоос арчих алчуурыг базахын өмнө ус цэвэр тунгалаг байсан, алчуур базсаны дараа муухай болсныг хүүхдэд хүмүүжүүлэгч багш анхааруулна.

Зугаалгаар эргэж ирэх үед цонхон дээр байгаа тэдний цэвэрлэсэн цэцэг ургамал хэчнэн сайхан харагдаж байгааг хүмүүжүүлэгч-багш нийт хүүхдэд анхааруулж, хийсэн ажилдаа сэтгэл хангамжтай байх сэтгэгдэл төрүүлэх нь чухал. Бага бүлгийн нийт хүүхдээр нэгэн зэрэг хийлгэх ажил нь анхны үед ижил төрлийн ажил байна. Учир нь өөр өөр ажил тэдний анхаарлыг сарниулахын хамт бусдын ажлыг сонирхож өөрийн хийж буй зүйлийг орхих байдал гаргадаг. Харин жилийн эцэс болоход зэргэлдээ хүүхдийн хийж буй ажилд анхаарлаа сарниулахгүй зөвхөн өөрийн хуваарьт ажлыг хийж чаддаг болно.

3-5 настай хүүхэд хийж үйлдсэн зүйлийнхээ үр дүнг тэр даруйд нь үзэхийг хүсдэг. Иймээс сонгино суулгаж тариалаад ногоон сонгино ургаж эхлэх хүртэл нэлээд хугацаа хэрэгтэй байдаг тул түүнийг ойлгуулж тарьсан сонгиноо тогтмол усалдаг болгоно. Сонгиныг услахдаа усыг зөвхөн ишний хажуу руу хийж усална. Тэгэхдээ усаа зөөлөн урсгах, түрүүчийн ус нь шингэсний дараагаар ус нэмж хийх хэрэгтэй гэдгийг мэдүүлнэ. Энэ ажиллагаа нь хүүхдийн анхаарлыг тогтворжуулан хэт яаруу байдлаас болгоомжилдог болгож хүмүүжүүлнэ.

Наранцэцгийн үрийг талбайд суулгах ажлыг хүүхдээр хийлгэж, талбайгаас төмс, лууван зэрэг ногоо хураах ажилд оролцуулан хураасан ногоог зохих саванд хийлгэнэ. Хүүхдэд тохирсон малтуураар цас орсон даруйд талбайн цасыг малтаж овоолох ажилд сургана. Хэрэв хүүхдийг цас орсон даруйд ажиллуулахгүй бол цас нь дагтаршина.

Загас, шувууг хүмүүжүүлэгч багшийн туслалцаатайгаар тогтоосон цагт хооллож байна. Дунд бүлгийн хүүхдэд цэцэг услах, шороог нь сийрэгжүүлэх, амьтан тэжээх, загасны ус солих гэх мэт хөдөлмөрийн даалгавар байнга өгч гүйцэтгүүлэх, ахмад хүмүүсийн тусламжтайгаар хагдарч унасан навч түүх, хүнсний ногоо хураах, өвлийн улиралд явган хүний замын цасыг цэвэрлэх, цасан уул хийх, талбайг чимэх ажилд оролцуулна.

Хаврын улиралд ногооны талбай, цэцгийн мандлыг усалж шороог сийрэгжүүлдэг болно. Бог мал, гэрийн тэжээмэл амьтдыг тэжээх арчлах ажилд идэвхтэй оролцдог болгож сургана. Ахмад хүмүүсийг хөдөлмөрийг хүндэтгэх, ажил хөдөлмөр хийх хүсэл эрмэлзэлтэй болгоно. Энэ учраас загасны усыг солихдоо загасыг шүүгүүрээр авч түмпэнтэй усанд хийгээд аквариумын усны 73%-ийг гуурсаар соруулаад үлдсэн усан дээр тасалгааны дулаантай ус сэлбэн хийж солихыг хүүхдэд тайлбарлаад ажиллуулна.

Цэцэрлэгийн хүүхдийг ажиллуулах хугацаа, хийлгэх ажлын хэмжээг сайн тохируулахыг анхаарна. Өвлийн улиралд явган хүний замын цасыг цэвэрлэхдээ хүрз, малтуур, шүүр зэргийг хэрэглэн арилгаж, цасан уулыг хүмүүжүүлгч багшийн заавраар хийнэ. Иймээс цас зөөх дамнуурга, хувин зэргийг бэлтгэж ашиглуулна. Талбайд төрөл бүрийн тоглоом явуулахад зориулж дарцгаар чимэглэх, бас хөлдөөсөн өнгө өнгийн мөсөн дүрс өлгөх зэрэг ажилд оролцуулна.

Хавар, газар гэсэх үеэр /5-р сарын эхээр/ туршлагын талбай, цэцгийн мандлын газрыг хагалах анхны ажиллагааг хүмүүжүүлэгч багш, цэцэрлэгийн ажилчид хийж бэлтгээд шороог сийрэгжүүлэх, тэнд тарьсан ногоо цэцэг, ургамлыг тогтмол услах ажлыг хүүхдээр өдөр тутам хийлгэнэ. Энэ ажлын арга барилыг бүх хүүхдэд үзүүлэн зааж эзэмшүүлнэ.

Талбайн хөрсийг сийрэгжүүлэх үед хөдөлмөрийн багаж хэрэгслийг яаж барьж ажиллах, биеэ хэрхэн авч явах, хөл гарын хөдөлгөөний яаж зохицуулахыг хүмүүжүүлэгч-багш хийж үзүүлээд ажлын явцад туслах, зөвлөх барилыг хэрэглэнэ.

Талбайд ажиллах үед биеийн ерөнхий байдлыг цэх байлгах, ус зөөхөд хоёр гарт нь ижил хэмжээний /1.5-2 кг-аас хүндгүй/ жинтэй зүйл бариулах зэргийг хүмүүжүүлэгч-багш анхаарна. Мөн хэт их халуун нартай үед хүүхдийг гадаа ажиллуулахгүй.

Хүүхдийг байгалийн буланд ажиллуулахад хамгийн тохиромжтой зохион байгуулалт нь жижүүрийн журмаар ажиллуулах явдал юм. Хүүхдийг 3-4 өөр хэсэг болгож байгалийн булан дахь амьтан ургамлыг 3-5 хоногоор арчлах үүрэг өгөхийн хамт зарим хүүхдэд ганцаарчилсан даалгавар өгч 2-3 долоо хоногийн туршид гүйцэтгүүлж болно.

Жижүүр хийх хүүхдийг зохион байгуулахдаа ажиллах чадвар дадал сайтай хуучин хүүхдийг шинэ хүүхдүүдтэй хамтруулах байдлаар зохион байгуулна. Жижүүр хүүхдэд тогтоосон дэглэм журмыг мэдүүлж, өглөө ирэх цаг хугацаа, ажил гүйцэтгэх дэс дараа, багаж хэрэгсэл ашиглах арга барил зэргийг сайн танилцуулна. Байгалийн булан дахь амьтдыг арчлах нь хүүхдийн хариуцлагыг өндөржүүлэхэд ихээхэн нөлөөлдөг. Учир нь загас ёсоороо хооллохгүй бол үхдэг гэдгийг ойлгосноор хариуцлагад нь нөлөөлнө. Хүүхдийн танин мэдэх үйл ажиллагаа нь агуулга сайтай хөдөлмөрийн үйл ажиллагааны явцад илрэн хөгждөг байна.

Амьтдыг арчлах чадвар дадалд хүүхдийг сургах үед тэр амьтдыг ажиглуулж үйл хөдлөл, шинж байдлыг нь мэдүүлнэ.

Ингэснээр хүүхэд амьтдын онцлогийг ялган таних, шинжих чадвар бий болно. Тухайн зүйлийг танин мэдэхийн тул янз бүрийн практик үйл ажиллагааг ашигладаг болгож сургана. Жишээлбэл: Шувууны хөдөлгөөн, хэрхэн хооллодгийг мэдэх зорилгоор хоол тавьж өгөх, далавчийг нь үзэхийн тул нисгх зэргээр бие даан танин мэдэх арга хэрэглүүрээ өөрөө олдог байхаар хүмүүжүүлэгч-багш ажлаа зохион байгуулна.

6-7 настай, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдийг программд заасан ёсоор намрын улиралд жимсгэний цэцэрлэг, туршлагын талбайгаас ургац хураах, үр цуглуулах ажилд сургана. Үүний тулд үр хийх уут бэлтгэн түүндээ хийж, тус тусын таних тэмдгийг хийлгэж тавиулна. Цэцэрлэг, гэр орондоо хүнсний ногоо, жимс жимсгэнийг даршилж чанамал хийх аргыг ажиглуулан, ногоо угаах, жимс жимсгэнийг цэвэрлэх зэрэг зарим бололцоотой ажлыг хийлгэж сургана.

Туршлагын талбайн зэрлэг хог өвсийг ялгуулан түүж цэвэрлэх чадвар эзэмшүүлэн, өвлийн улиралд туршлагын талбайг цасаар хучих, явган хүний замын цас цэвэрлүүлж сургана. Хаврын улиралд газар хагалж, үр цацах, зарим хүнсний ногоо, цэцгийг үрслүүлж тарих, тарьсан ургамлыг усллах, соёолж цухуйх явцыг ажиглан тэмдэглэл хөтөлж сургах ажлыг хүмүүжүүлэгч-багш удирдан зохион байгуулах ёстой.

Цэцгийг үрээр ба иш, үндэс, мөчир зэрэг вегатитив эрхтнээр үржүүлдэг. Үүнээс буталж тарих ба үндсээр нь тарих, мөчрөөр тарих ажиллагааг хүүхдэд танилцуулна. Энэ тухай П.Дулмаагийн бичсэн “Хүүхдийн цэцэрлэгийн байгалийн булан” Улаанбаатар хот 1972 он. Номын 45-48 дахь талыг үз. Сонгино, улаан лооль зэрэг хүнсний ногоог үрээр тарьж ургуулах аргыг хүүхдэд танилцуулна. Мөн дээрх номын 48-49 дэх талыг үз. Энэ насны хүүхдийг байгалийн буланд өдөр тутам жижүүр хийлгэж тасалгааны цэцгийг услах, хавар намар шороогий нь шинэчлэх, ургамлыг шилжүүлэн суулгах, үрслүүлэх зэрэг ажилд оролцуулж, байгалийн булангийн амьтдыг тэжээх, загасны аквариум, шувууны тор цэвэрлэх чадвар дадал эзэмшүүлнэ. Энэ талаар өмнө нэр заасан номын 37-40 дэх талыг үз. Загасны аквариум, шувууны тор цэвэрлэх зэрэг аливаа ажилд хүүхдийг оролцуулсны дараа гарыг нь заавал угаалгана.

Бэлтгэл бүлгийн хүүхдэд нэлээд урт хугацаатай үргэлжлүүлж хийх үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлэх бөгөөд өгсөн үүргээс хэн нь юу хариуцаж хийхийг харилцан тохиролцож ажилладаг болгоход хүмүүжүүлэгч-багш анхаарлаа чиглүүлнэ.

Тухайлбал: 2-3 хүүхдэд 7 хоногийн турш байгалийн буланг эмх цэгцттэй байлгах ажил хариуцуулна. Ингэхэд хүүхдүүд хэн нь шувууны тор цэвэрлэж шувуугаа хооллох, хэн нь цэцэг услах, хэн нь загас хооллох арчлахыг хоорондоо ярьж тохиролцдог байх ёстой. Энэ нь хүүхдийн ганцаараа төдийгүй хамтарч ажиллах үед ажил хариуцах хариуцлагыг нь улам өргөжүүлнэ.

Хүүхдүүд нэг ажлыг хамтарч хийх шаардлага гарвал тэднийг хэд хэдэн хэсэг болгон хэсэг тус бүрт тодорхой ажил хуваарилж өгнө. Гадаад талбайг цэвэрлэх ажил хийх үед нэг хэсэг хүүхэд навч түүх, зарим нь зөөх, бас нэг хэсэг нь мод бутны хөрс сийрэгжүүлэх зэргээр ажлаа хуваарилна. Ажлаа хэн түрүүлж дууссан нь бусдадаа тусалдаг болгож сургана.

Хүүхдүүд хийж байгаа ажилдаа сонирхол нь буурсан буюу тухайн ажлын нэгэн хэвийн үйлдэлд ядарсан байдал харагдсан тухай бүр нь хүмүүжүүлэгч-багш хийж байгаа ажлыг нь сольж хийлгэх аргыг хэрэглэнэ. Хамтарч хөдөлмөрлөсний эцэст хүүхдийн хийсэн ажлыг үнэлж дүгнэхдээ ажлаа бүрэн гүйцэд хийсэн эсэх, хэн нь үүрэгт ажлыг хүчээ дайчилж түргэн сайн хийсэн, бусдадаа тусалсан, хэн залхуурч муу ажилласан, эсвэл ажлаа зөвхөн хуваарилчихаад өөрөө хийхгүй байсан зэргийг хүмүүжүүлэгч-багш үнэн зөв, шударга дүгнэж тодорхойлно.

Бэлтгэл бүлгийн хүүхдийг байгалийн буланд нэг наст цэцэг үрээр тарьж үрслүүлэн цэцгийн мандалд шилжүүлж суулгах чадвар дадалтай болгох ёстой. Мөн зуун наст, халбаган кактус, сүлжгэнэ зэрэг тасалгааны ургамлаас мөчир навч үндэслүүлэх, цэцэг тарих сав шороо бэлтгэж цэцэг тарьдаг болгоно. Энэ тухай өмнө нэр заасан номын 9-10, 29-30, 31-33 дахь талыг тус тус үзэж ашиглах хэрэгтэй. Мөн “Цэцэрлэгийн хүүхдэд хөдөлмөрийн хүмүүжил олгох арга зүй” УБ., 1985 оны номын 31-38 дахь талыг, “Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөдөлмөрийн хүмүүжил” УБ., 1970 оны ном зэргийг уншиж ашиглавал зохино.

Дөрөв. Гар хөдөлмөрт хүүхдийг сургах

Юуны өмнө ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдэд оёдлын анхны чадвар дадал олгох талаар оёдлын багаж хэрэгсэлтэй танилцуулж тэдгээрийг хэрхэн зөв барьж ашиглахыг мэдүүлнэ. Оёдолд хэрэглэгдэх зүү, утас, даавуу, зүүний суурь, хүүхдийн оёх зүйл зэргийг хөдөлмөрийн буланд тохиромжтой шүүгээнд эмх цэгцтэй хадгална.

Зүүний нэг үзүүр нь нарийн хурц үзүүртэй, нөгөө тал нь утас сүвлэх сүвэгчтэй байна. Зүүг барихдаа болгоомжтой хандан амандаа зууж болохгүй, даавуу буюу сууринд хатгаж тавьдаг байх зэргийг хүүхдэд анхааруулж журамлуулна.

Оёх ажиллагаанд хүүхдийг бэлтгэхийн тулд юуны өмнө утсыг тодорхой хэмжээгээр таслан зүүнд сүвлэхийг сургана. Утсыг шүдээрээ таслахыг хориглон заавал хайч хэрэглүүлнэ. Утас сүвлэх утасны үзүүрийг зангидах аргыг хүмүүжүүлэгч өөрөө биечлэн тайлбарлан үзүүлээд хүүхдээр давтан хийлгэж дасгалжуулна. Ингэсний дараа хөших оёдлоор шагай ба ургамлын үр хийх уут, тасарсан товч, өлгүүрийн зах оёх ажиллагаанд сургана. Товч бүч хадахдаа өнгө дагуу утсаар оёдог болгоно. Тэгэхдээ хуруугаа зүүгээр хатгахаас болгоомжлохыг сануулна. Хонин холбоо ба хэрээс оёдлоор үндэсний хялбар хээ угалз хатгаж ширээний бүтээлэг, ор, дэрний хэрэгслийн чимэглэл, бэлэг дурсгалын зүйл оёх чадвар хүүхдэд эзэмшүүлнэ.

Цаас, шавраар тоглоомын зүйлс урлах

Цэцэрлэгийн насны хүүхдийн дүрслэх үйл ажиллагааны нэг хэсэг нь цаас, шавраар урлах ажил юм. Энэ ажлаар хүүхдүүд шинэ юм бүтээж, урлах аргыг сурдаг, түүнийгээ тоглоомонд хэрэглэдэг учраас тэдэнд сонирхолтой, зугаатай, хэрэглэх багаж, хэрэглэгдэхүүн нь элбэг байдаг онцлогтой.

Нөгөөтэйгүүр хүүхдийн гарын эв дүйг зүгшрүүлж, орчноо дүрслэх шинэ аргуудыг сурч, өөртөө хэрэгтэй юм бүтээх, зохион бодох санаачлагыг нь өрнүүлэхээс гадна дараа шатны сургуулийн бүтээлч хөдөлмөрийн бэлтгэл болдгоороо хүмүүжлийн олон талын сайн нөлөөтэй байна. Тухайлбал: Цаасаар урлах хөдөлмөрийн явцад хүүхдүүд олон янзын дүрс, өнгийг таньж нэрлэдэг, тэгш хэмтэй нугалах, хайчлах наах арга ажмллагааг сурч, эзлэхүүнтэй юмсыг аль болох бодитой дүрсэлж өөрийн тоглоом наадмаа баяжуулдаг байхад шавраар урлах ажил мөн эзлэхүүнтэй юмсыг бүх талаас нь харж, барьж орчны аль нэг юмтай адил болгох дүрслэл юм.

Дүрслэх арга нь энгийн ерөнхий, хүүхдүүд сонирхсон бүхнээ дуурайлган барих өргөн боломжтой учир тэдний дуртай саатан урлаж, тоглох үйлээ баяжуулдаг нэлээд сонирхолтой хөдөлмөрийн нэг юм.

Цаас, шавраар урлах хөдөлмөрөөр хүүхдүүд хүмүүжлийн ажлын явцад цаг хязгаарлахгүй чөлөөтэй ажиллах бололцоотой. Цаас, шавраар тоглоомын хэрэглэгдэхүүн урлах жишээ сэдэв түүнийг дүрслэх аргаар өгч буй энэхүү товч зөвлөгөө ягштал баримтлах хөтөлбөр биш учраас бусад үйл ажиллагаатай холбох, орчны онцлогтой уялдуулах үүднээс сэдвийн хэлбэр, дүрслэх зорилт, хэрэгцээ зориулалтыг өөрчлөн зохион байгуулж болох юм. Тухайлбал: зургийн хичээлээр дүрслэх сэдвийг урьдаар барьж дүрслэх, эсвэл цаасаар эвхэж сурсан зүйлээ зурах үйлдэлтэй хослон хэрэглэх жишээтэй байж болно. Уншиж, ярьж өгсөн үлгэр зохиол, үзсэн киноны үйл явдлыг барьж дүрслэх буюу бэлэг дурсгал, гоёл чимэглэлийн зүйлийг цаасаар урлан бэлдэх зэргээр урлах үйл ажиллагааны хэлбэрийг сонирхолтой олон байдлаар зохион байгуулж болно.

Бага бүлэгт хүүхдийг шаврын уян хатан зөөлөн, наалдамхай, дүрсийг янз бүрээр хуваарилж болдог шинжүүдтэй танилцуулж түүгээр юмыг дүрслэх хамгийн энгийн аргыг зааж болох юм. Харин цаасаар урлах ажлыг заахгүй.

Дунд бүлэг.

Цаасаар урлах хөдөлмөр. Энэ бүлгийн 4 настай хүүхдүүд гарын хөдөлгөөн харааны эвсэл эрхбиш хөгжих учир цаасыг тэгш хэмтэй нугалах, хийсэн тоглоомын зүйлээр наадаж саатах сонирхолтой байна.

Хүүхдүүдэд өнгийн хошуу, ам дөрвөлжин, урт дөрвөлжин, тууз, цаасыг бэлдэж өгөөд амьтан, хавтага, сум, малгай, завь мэт наамлын зүйл хийлгэнэ. Цаасаар урлах ажлыг сард 1-2 удаа явуулж болно. Хийлгэх юмс нь дан эвхэж нугалах үйлдлээр бүтэж байх нь тохиромжтой. Цаасаар тоглоомын хэрэглэл урлах явцад хүүхдүүд багшийн тайлбар зөвлөгөөг анхааралтай сонсон тогтоох, цаасаар тэгш хэмтэй нямбай нугалах, эхэлсэн ажлаа тэвчээртэй дуустал хийж гүйцэтгэдэг, хамт олон нөхөдтэйгөө найрсаг зөөлөн харьцдаг, сурч дадсан аргаараа хэдийд ч тоглоомоо баяжуулах чадвартай болсон байвал энэ ажлын зорилго биелэх болно.

Шавраар урлах хөдөлмөр. Хүүхдүүд шаврын шинж чанарыг сайтар мэдэж, түүнийг олон янзын дүрс хэлбэрт оруулах хэд хэдэн энгийн аргыг мэддэг болох нь хамгийн эхний зорилго байх болно. Тухайлбал шаврыг тэнцүү хуваах, жигд нарийн гонзгой болгон цувих, бөөрөнхийлөх, бөөрөнхийлснөө алгаараа шахаж хавтгайлан дугуй барих, дугуй хавтгайгаа хонхойлох зэрэг арга ажиллагааг зааж сургах нь дараагийн чухал зорилт байна. Эдгээр аргыг эзэмшсэн хүүхдүүд хиам, цагираг, үрэл, жигнэмэг, банш, чихэр, лууван /өргөст хэмх/ алим, улаан лооль, аяга таваг мэтийг дүрслэн тоглох үйл ажиллагаанд хэрэглэх бололцоотой болно.

Шавраар урлах ажил. Сард 1-2 удаа явуулахад болно. Хүүхдээр дүрслүүлэх тоглоомыг хэрэглэгдэхүүнийг урьд нь биет юмаар нь үзүүлж ажиглуулсан байвал барьж дүрсэлсэн нь илүү бодитой үнэмшилтэй болно. Шавраар урласан бүтээлүүд хүүхдүүдийн дэлгүүр гаргаж тоглох үед худалдах бараа нь хүүхэлдэйг зочлох үед аяга, таваг зоог нь болох жишээтэйгээс хэрэгцээт бүтээгдэхүүн бэлтгэх чухал хөдөлмөр нь байж болно.

Ахлах бүлэг.

Цаасаар урлах хөдөлмөр. Энэ бүлэгт хэрэглэх цаас, хийх арга нь эхний үед өмнөх дадалдаа түшиглэсэн хэлбэртэй байх бөгөөд нугалах, наах, хайчлах, чимэглэл хийх зэрэг олон шинэ арга ажиллагааг нэмэн зааж сургах шаардлагатай болно. Тухайлбал: малгайг цацагтай, завийг далбаатай, сэнсийг иштэй, хайрцгийг чимэглэлтэй, дэнлүү, зүүлтийг өнгө бүрийн цацагтай мөнгөний хавтагыг оосор түгжээтэй урлах жишээтэй болно.

Урлах сэдэв бүрийг 2-3 хувилбартай зааж байвал хүүхдийн санаачилга идэвхжиж бүтээл баялаг, тоглоомын агуулгад илүү нийцэж болно. Жишээ сэдвүүдийг дээр дурдсан болохоор урлах аргын дэс дарааг “Хүүхдийн цэцэрлэгт зохион бүтээх хичээлийн аргачлал” 1979 он номоос үзнэ үү.

Шавраар урлах хөдөлмөр. Жилийн эхний жишээ сэдвүүд өмнөх бүлэгт эзэмшсэн аргуудаар бүтээж боллохоор байвал тохиромжтой юм. Тэгэхдээ барьж дүрслэх арга ажиллагааг баялаг болгох нь бүтээлийн үзэмжийг төгөлдөржүүлж, хүүхдийн ур ухааныг ахиулахад их тустай байна. Тухайлбал бөөрөнхийн нэг талыг бага зэрэг хавтгайлгаад жижиг талх, гонзгойн нэг талд ташуу хэрчээс гаргах буюу нарийн зээг тавибал загасан талх, урт нарийн цувимлыг хосоор барьж мушгиа боов болгох, хавтгайлсан дугуйн захыг эржгэр болгон хээлээд еэвэн, хавтгайн захыг хумхин чимхэж бууз болгох жишээтэй байж болно. Бас нэг шинэ арга нь бөөрөнхий, гонзгой дүрсүүдийг /их, бага/ янз бүрийг хэмжээтэй бэлдээд хооронд нь нааж залгаад хүүхэд, бамбарууш, туулай гэх мэт амьтдыг хамгийн ерөнхий байдлаар дүрслэх аргыг зааж сургана. Эдгээр сэдвүүдийг бололцоотой нөхцөлд боргоцойгоор хийж, шавраар залгаа бэхэлгээг хийж ч болох юм.

Хүүхдийн урласан тоглоомын эдгээр хэрэглэгдэхүүнүүд сэдэвт тоглоомонд хэрэглэх бүлэг чимэглэх, бэлэг дурсгал өгөх, үзэсгэлэн гаргах бүтээл болно. Урлах аргыг хүүхдийн цэцэрлэгийн баримлын хичээлийн аргачлал 1987 он номоос үзнэ үү.

Бэлтгэл бүлэг

Цаасаар урлах хөдөлмөр. Бэлтгэл бүлгийн 6 настай хүүхдүүд зурах ур чадвар суусан, цаасаар ажиллах эв дүй, наад захын дадал суусан байх тул эзлэхүүнтэй элдэв наадмын зүйл бэлдэх аргыг зааж сургах боломжтой байна. Иймд ам дөрвөлжинг нугалах, наах, өнгө бүрийн цаасаар чимэг хайчлан гоёх, түүнийгээ өнгө хоршил, хэмжээ харьцааг тохируулах мэдлэг олгох гол зорилтыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг зөвлөе. Тухайлбал: Өмнөх дадалдаа түшиглэн хайрцаг эвхэн нааж чимэглэлийг янз бүрээр хийж сагс, дэнлүү, зүүлт болгох, дугуй дүрстэй цаасны захыг нугалах, хайчлах, цацаг чимэг нэмэх аргаар загас, тээг, цэцэг, номын хавчуурга мэтийг урлах жишээтэй.

Тууз цааснуудаар туулай, нохой мэтийн амьтан дүрслэхэд боллох юм. Жишээ сэдвийн хэлбэрийг өөрчлөх, хувилбарыг олшруулах, чимэглэлийг баяжуулах талаар багш бүр ухаанаа зарвал агуулга дүрслэл баян болж хүүхдийн урмыг сэргээж, идэвхийг хөгжөөх нь гарцаагүй.

Шавраар урлах хөдөлмөр. Шавраар дүрслэн урлах гол сэдвүүд хүн, амьтад байвал хүүхдүүдэд илүү бүтээлч, сонирхолтой болно. Хүүхдүүд өмнөх бүлгүүдэд хүн амьтдын дүрслэх чадвартай болсон үлгэр, уран зохиолын үйл явдлыг илэрхийлэх сонирхолтой болсон байдаг. Тийм учраас жимс ногоо, хүүхэлдэй, шувуу, муур, хэрэм, үнэг нохойг ажигласан мэдлэг эзэмшсэн дадлаараа ерөнхийлөн дүрсэлж түүндээ хөдөлгөөн оруулан орчин буй болгож нэмэлт хийх зэргээр үйл явдлыг илэрхийлэх сэдвүүдийг сонгож болох юм.

Хүн, амьтдын хэсгүүдийг тус тусад нь дүрслн хооронд залган нааж бэхлэх аргаар дүр, хөдөлгөөнийг тохируулна. Зарим амьтдын жижиг хэсгүүдийг их биеэс нь сунгаж дүрслэх аргыг зааж сургаж ч болох юм. Жишээ болгосон сэдвүүдээр ерөнхий хэлбэрийг сонгож аргачилсан номоо барьж дүрслэх дарааллыг үзэхийг зөвлөе.

Багаж хэрэглэгдэхүүн. Цаасаар урлах хөдөлмөрт өнгийн цаас, мохоо үзүүртэй жижиг хайч, цавуу, цавуудах мод ба бийр хэрэглэнэ.

Шавраар урлах хөдөлмөрт баримлын шавар, ширээн дээр дэвсэх /20×20см/ хулдаас, засуур, /шавар хуваах, хонхойлох зориулалттай нэг тал нь хавтгай нөгөө үзүүр нь шөвгөр хурц бус үзүүртэй/ мод, гарын алчуур зэргийг хүүхдийн тоогоор бэлдэх шаардлагатай. Эдгээр багаж, хэрэглэгдэхүүнүүдийг тус бүрийг нэг саванд төрөлжүүлэн багцалж тогтмол нэг байранд тавьсан байвал тохиромжтой.

Хүүхдүүд чөлөөтэй цагтаа сонирхсон зүйлээ урлах бололцоогоор ханган тэр байрын орчинд ширээ сандлыг бэлэн байлгавал зохимжтой. Цаас, шавраар урлах багаж хэрэглэгдэхүүнийг хадгалсан тавиур ба шүүгээний дээр барих урлах зүйлд үзүүлэн болохоор наадам тоглоомын зүйл, багшийн хийсэн заавар, гар урлалын бүтээл, хүүхдийн урласан шилдэг бүтээлээс тавьсан зүүсэн байвал хүүхдэд жишээ дуурайлал болж санаачлагыг баяжуулах ач тустай байх болно.

Цаас шавраар урлах ажлыг хичээлийн хөтөлбөрт оруулаагүй, чөлөөт цагийн ажил болгосныг хүүхдэд зайлшгүй заах зүйл биш мэтээр үзэх явдал байж болохгүй гэдгийг багш нар цэцэн оюундаа болгоож, хүмүүжил сургалтын олон талт ач тусыг урьдын адил үнэлэн үзэж ур чадал, ухаалаг арга барилаа дайчлан зориулна гэдэгт гүнээ итгэж байна.     

Хоёрдугаар бүлэг. ЗУРАГ ЗААХ АРГА

НЭГ. УРАН ЗУРАГ

Уран зураг нь дүрслэх урлагийн биеэ даасан нэгэн төрөлд багтана. Хүний ажигч хараа, бүтээлч ухаан, уран гараар бүтээсэн зургийг нүдээр унших яруу найраг хэмээн үнэлж, хойч үеэ хүмүүжүүлэх гол хэрэглүүр болгосоор ирсэн уламжлалтай билээ.

Зураач урчууд бүтээлдээ хүмүүсийн амьдрал, хөдөлмөр тэмцлийн түүхэн үнэн, хүсэл мөрөөдөл, байгалийн гайхамшигт үзэгдэл тэргүүтнийг уран сайхнаар илэрхийлэн дүрсэлж хүн ардынхаа нүдийг баясган, сэтгэлийг бадрааж байдаг. Тиймээс улс үндэстэн бүр уламжлалт уран зураг, урлалын бүтээлийг зөвхөн үзэж сонирхоод зогсохгүй өдөр тутмын амьдрал, ахуйн хэрэглээ болгож ирсэн түүхтэй. Наад захын жишээг хэлэхэд гэр, сууц, ордон, сүм дуганы гадна дотор талыг зураг, сийлбэр, зүмбээр гоёх, түүний тавилга болоод хүний эдэлж хэрэглэдэг зүйлийг утга бэлтгэдлийн талаас нь бодолцон тохирсон хээ угалзаар чимэглэдэг байжээ. Тийм болохоор ардын уламжлалт гар урлалын зүйлсд угалзыг утга бэлгэдэл, ур хийцээс эхлээд уран зургийн утга агуулга, дүрүүдийн дотоод сэтгэлийг хүртэл хүүхдэд таниулан ойлгуулахад хамгийн их баялаг ойр дөт байдгаараа онцлог юм.

Хүн бүхэн уран зураач болдоггүй боловч хүүхэд болгон багадаа зураг зурах дуртай байдаг. Иймд хүүхдийн энэ онцлогийг харгалзан тохирсон сургалтыг явуулж болно. Уран зургаар дамжуулж ард түмнийхээ ёс заншил, зан үйл, уламжлалт хөдөлмөр, байгалийн гоо сайхныг хүүхдэд мэдүүлэх, тэдгээрийг дээдлэн үзэх сэтгэлтэй болгохын зэрэгцээ хүрээлэн буй орчноосоо хүн, мал, амьтад, бодит юмс, байгалийг дүрслэх энгийн аргад суралцана.

Ийнхүү хүүхдүүд харж ухаарсан, ажиглаж сонирхсоноо зурж дүрслэх явцдаа бодитойгоор танин мэдэж, ухамсартайгаар дахин ажиглах, улмаар сэдэв болгон зурж илэрхийлэх идэвхтэй үйлд аажим шилжинэ. Тэд зурах дадал олж, дүрслэх аргад чадваржих тусмаа зурсан бүтээсэн нь агуулга дүрслэлээр төгөлдөржихийн хамт сонирхсон зүйлээ өөртөө зориулан бүтээх, тоглоомоо баяжуулах эрмэлзэл нь хэрэгжихэд улам хялбар болсоор байх болно. Цэцэрлэгийн хүүхдийн зургийн хичээлийн хөтөлбөр энэ зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэдэг.

Зурж урлах хичээлээр хүүхдүүд зөвхөн урлагийн бүтээлийг зохих хэмжээгээр ойлгодог, ур дүй, ухаан, хараа нь хөгждөг төдийгүй, хүмүүжлийн сайн нөлөөтэй олон чадвар дадал эзэмшинэ.

Хүүхдэд хүрээлэн буй орчныг ажиглуулан, юмсын дүрс, амьтны галбир, бүтэц, харьцааг өнгө зүс, тэдний орших орон зай, тоо хэмжээний талаар тохирсон мэдлэг олгож, өөрийн санаачилгаар дүрслэх сэтгэхүйг хөгжүүлэх, үйл явдлыг илэрхийлэх чадварыг дэс дараатай эзэмшүүлнэ.

Ийнхүү урлагийн бүтээлийг ажиглах, өөрсдөө зурж дүрслэх болсноороо урлагийн бүтээлийн гоо сайхныг таашаан мэдрэх, бахархан үзэх хүмүүжилтэй болно. Нөгөө талаар зураг зурдаг хүүхдүүд бусад хүүхдүүдээс ялгагдах онцлог нь үсэг, тоог нүдэлж тогтоох нь хурдан, хэв сайта эвлэг бичих, дэвтэр цаасаа цэвэр нямбай эдлэх талаар илүү байдаг. Мөн зураг үзүүлэн, номын тайлбар, зүүлт чимэглэлийг ойлгон ухаарах, үйл явдлын сайн муу учрыг ярьж тайлбарлах, сайхан,муухай дүрсийг ялган дүгнэхдээ ч илүү байдгийг багш нарын ажиглалтаас харагддаг.

Хүүхдүүдийг дагуулан байгалийн үзэгдэл, уул, ус, ургамал, цэцэг, хорхой шавж, мал, гэрийн амьтан, ан араатан, жигүүртнийг ажиглуулан мэдүүлэх нь тэдний гоо сайхны сэтгэлгээг бадраах гол үзүүлэн, зурж дүрслэх бодит сэдэв нь болдог төдийгүй төрсөн нутаг, эх орноо хайрлах сэтгэлийн эхлэл юм.

Хүүхдүүд зурах, урлах дадал эзэмшсэнээр хүмүүсийн үйл хөдлөл, үзэгдэл юмс, өөрийн хүсэл мөрөөдлийг дүрслэн илэрхийлэхээс эхлээд наадаж тоглох хэрэгсэл, баярын чимэг, мэндчилгээ зэргийг санаачлан хийж бүтээх төвшинд хүрэх болно. Энэ дадал цаашид сургуульд ороод хийх бүтээлч хөдөлмөрийн эх суурь болно.

1965 оноос өнөөг хүртэл дүрслэх урлагийн хичээл нь зураг, баримал, наамал, зохион бүтээх гэсэн дөрвөн төрлөөс бүтдэг байлаа. Эдгээр хичээлүүд хэрэглэгдэхүүн, урладаг багажаараа өөр боловч нэг зүйлийг дүрслэх дөрвөн өөр арга болох эцсийн нэгэн зорилготой юм. Ялангуя, хайчилж наах үйлдэл нь юмсыг зохиомж, өнгө зохицол, дүрсээр илэрхийлдэг зураасан зургийн нэг зүйл учраас зургийн сургалтанд хамруулах бололцоотой. Мөн цаасаар зохион бүтээх үйл ажиллагаанд ч гэсэн хайчилж наах, өнгө дүрсийн зохиомж голлосон үйлдлүүд зонхилдог учраас наамал биеэ даасан хичээл байх шаардлагагүй юм.

Өрж байгуулах, угсарч эвлүүлэх төрлийн үйлдлүүд тоглоомын байдлаар явуулдаг байх нь илүү тохиромжтой. Шавар, цаасаар урлах үйл ажиллагааг нь сургуульд ороод хийх бүтээлч хөдөлмөрийн бэлтгэл суурь болдгийн хувьд гар урлалын үйл ажиллагааг тусгай цаг гарган оруулах бүрэн бололцоотой юм. Үүнээс зураг нь хүрээлэн буй орчин юмсыг харж үнэмшилтэй, нарийн дүрсэлж болдгоос гадна, ардын гар урлалын утга бэлгэдэл, өнгө дагнаас, дүрс давтамжийн баялаг өв уламжлалаараа аливаа юмыг дүрслэн бүтээхэд анхдагч болдгийн хувьд ч дүрслэх урлагийн хичээлийн дотроос тэргүүлэх үүрэгтэй байдаг.

Тийм учраас зурах багаж хэрэглэгдэхүүнийг хүрэлцээтэй базааж, зурах сэдэв бүрийн хэлбэр, дүрслэх зорилгыг хүүхдийн хэр хэмжээнд тохируулан оновчтой сонгож, зурж дүрслэх хамгийн энгийн аргаас эхлээд бүлэг ахих тутам арга ажиллагааг аажим нарийсган баяжуулснаар аливаа үйл явдлыг утга төгс ойлгомжтой илэрхийлдэг болгон сургахад багшийн дүрслэх урлагийн мэдлэг, сургах ур чадвар, заах арга барил, санаачилга шийдвэрлэх үүрэгтэй. Багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ зургийн хичээлийн хөтөлбөрийн агуулгыг тодруулан тайлбарлах, жишээ сэдвүүдийг хэрхэн уялдуулах зэргийг заах арга барилын талаас зөвлөхийг гол зорилго болгов.

Зургийн багаж хэрэглэгдэхүүн. Хүүхдүүд ихэнхдээ өнгийн балтай /будган/ харандаа, өнгийн бэхтэй хуванцар /фломастер/ харандаа, лаан /шахмал сангина/ харандаануудаар зурдаг. Дунд бүлгээс эхлэн зөөлөн балын харандаагаар зурах юмаа ерөнхийлөн дүрсэлсний дараа өнгөөр ялгаж буддаг аргад шилжих болно. Усан будгаар зурахад бийр хэрэглэнэ. Бага, дунд бүлгийн хүүхдүүдэд эхний үед нарийн савх модны үзүүрт хөвөн ороож өгөөд шингэн будганд дүрээд зурах боломжтой. Хөвөн ороосон савхыг будганд дүрж зурахад харандаанаас хөнгөн, бийрнээс арай чанга даралт шаарддаг.

Ийм харандаагаар зурж будаж байгаад бийрээр зурах үйлдэлд шилжих завсрын үед тохиромжтой. Нөгөөтэйгүүр бийрийг орлуулан хэрэглэх бололцоотой. Тэгэхдээ ахлах ба бэлтгэл бүлэгт заавал бийрээр зурах шаардлагатай.

Усан будгийн бийрийн үс бөөрөнхий хэлбэртэй байна. Бололцоотой нөхцөлд хүүхэд бүрт нарийн, бүдүүн хоёр бийртэй байвал тохиромжтой юм. Усан будгийг усаар бийрний үсэнд сайн шингэдэг учир урсгаж будах, угааж засахад хялбар, хатсаны дараа холцорч хуурахгүй, юманд наалдахгүй, өнгөлөг тунгалаг учраас юмсын гадаад шинжийг үнэмшилтэйгээр илэрхийлэхэд илүү тохиромжтой.

Гуаш нь усан будгийг бодвол бүрзгэрдүү өнгөтэй, өтгөн, цаасанд жигд будагдах чанар сайтай, бийрийн үсэнд сайн шингэдэг. Том хэмжээний зураг зурахад илүү тохиромжтой. Гуашаар зурахад хавтгай үстэй жижиг бийр хэрэглэж болно.

Зургийн цаас. Зураг зурахад зургийн цаас нь ус сайн шингээдэг, хатахдаа үрчийдэггүй цаас байвал тохиромжтой. Цаасны хэмжээ, харьцааг зурах юмандаа тохируулан сонгодог байх нь илүү зохимжтой юм.

Өнгийн бэхтэй буюу лаан харандаа, гуашаар зурахад барааны боодол цаас ч хэрэглэж болно. Өнгийн балтай харандаа, усан будаг зэрэгт аль болох тохиромжтой цаас өгөх шаардлагатай.

Хоёр. Бүлэг бүрийн хүүхдэд зурах аргыг зааж сургах онцлог

Бага бүлгийн 3 настай хүүхдэд зурж дүрслэх хамгийн энгийн арга ажиллагааг зааж сургана. Юуны урьд харандаа зөв барих, цаасанд дүүрэн аль болох томоор дүрслэхийг багш өөрөө үлгэрлэн үзүүлээд хүүхдээр дуурайлган үйлдүүлж,, тэдний гарын зурах хөдөлгөөнд дасгана.

Эхний хичээлүүдээр босоо, хөндлөн чиглэлийн зураасыг аль болох шулуун зуруулах зорилго тавьж ажиллана. Зураасын хэмжээг эхлээд богино цаашид урт болгож хүүхдийн гарын хөдөлгөөний эвслийг сайжруулахын зэрэгцээ будгийн өнгө ялгаж таних чадварыг нэмэгдүүлж түүнийг нэрлүүлж сургана.

Босоо, хөндлөн зураас эгц татаж сурснаар тэгш өнцөгт дүрсүүдийг чөлөөтэй дүрслэх чадвартай болно. Дараагийн 3-4 хичээлээр ташуу зураасыг зуруулж сургана. Үүгээр гурвалжин дүрслэх чадварыг эзэмшүүлнэ.

Удаах 10-11 хичээл дээр зууван ба дугуй дүрс зурж сургах дасгал хийлгэнэ. Дугуй дүрс зурахад хүүхдээс гарын хөдөлгөөний нэлээд нарийн үйлдэл шаардана. Иймд эхлээд /хичээл №15/ өнгийн цаасаар ваарын дүрс хайчлан зургийн цаасны доод хэсэгт наалгаад хэлбэр дүрсийг нэрлүүлж нүдлүүлэхийн хамт цэцгийн иш, навч, дэлбээг гүйцээж зуруулахаар төлөвлөнө.

Дараа нь /хичээл №16/ цэцгийн дэлбээнүүдийг өнгө сонгож будуулах хэрэгтэй. Удаах хичээлүүдээр тал ба зууван дугуй  /боов, талх, чихэр …/ хэлбэртэй бодит зүйлийг зурж дүрсэлнэ.

Энэ мэтээр дугуй дүрсийн хэлбэр хэмжээг баяжуулж, дүрслэх чадварыг улам далайцтай болгохыг зорино. Хойших хичээлүүдээр хүрээлэн буй орчныг ажиглуулж, хүн, амьтан, байгалийг хэрхэн яаж дүрслэх хялбар аргыг заана. Тухайлбал дугуй, дөрвөлжин, гурвалжин дүрсүүд ашиглан шувуу, загас, нар, хүүхэд гэх мэтийг зуруулж болно

Тэгэхдээ хүүхэлдэй буюу хүүхдийн галбирыг зурахад олон хэлбэр дүрсээс бүтэх тул эхний үед дээл буюу даашинзыг өнгийн цаасаар хайчлан өгч наалгаад толгой, гар, хөл, бусад жижиг хэсгийг зуруулж гүйцээвэл хэсгүүдийн харьцаа, байрлалыг тохируулж сурахад нь илүү дөхөмтэй байна.

Хүүхдийн зурдаг сэдвийн гол баатар нь голдуу өөрсдийгөө янз бүрээр тоглож байгаагаар ахуйтай холбож зурах дуртай байдаг. Иймд хөдөлгөөнөөр өөрийнхөө санаа зорилгыг илтгэх аргатай танилцуулах шаардлага нэмэгдэх болно. Хоёр хүүхдийг дүрслэн зурж, “найзууд”, “нуугдаж тоглох”, “дээс тоглов” гэх жишээтэй.

Ийнхүү зурсан зураг нь зугаацаж тоглох наадмын зүйл хэрэгтэй бүтээгдэхүүн болж байвал хичээл амьд сонирхолтой, дахин зурах, бүтээх эрмэлзлийг төрүүлэх үр өгөөжтэй болно. Бага бүлгийн хүүхдэд зурах аргыг заахдаа биетэй юмыг харуулах, багш өөрөө үлгэрлэн дүрсэлж үзүүлэх, хүүхдэд төвөгтэй хэсгийг дагуулан зуруулах, яавал төгс сайн болох байсныг хүүхдийн бүтээл бүр дээр хэлж өгөх гэхчлэн арга барилыг сэдэв болгоны онцлогт тохируулан сонговол зохимжтой.

Хүүхдүүд аль нэг сэдвийг зурж байх үед өмнөх хичээлийн шилмэл бүтээлээс нийтэд харагдаж байх буюу нөхдийн зурж буй сайн бүтээлийг дуурайлал болгон харуулах нь тэдэнд өөртөө итгэл итгэл зоригийг нэмж, хувийн санаачилгыг хөгжүүлэх нөлөөтэй.

Бага бүлэгт голдуу өнгийн балтай, өнгийн бэхтэй эсвэл лаан харандаагаар зурахын зэрэгцээ бийрээр зуруулах бололцоотой. Зарим жишээ /№23, 25, 28, 29/ сэдвийг усан будгаар зуруулбал дараагийн бүлэгт ороод бийрээр ажиллахад хялбар байх болно. Усан будгаар зурж эхлэх үед усан будаг бийрээр хэрхэн ажиллах арга ажиллагааг хүүхдэд зааж сургана.

Будгийг бийрний үсэнд шингээх, илүүдэл будгийг савны амсарт шувтрах г.м. Будгийг найруулж бэлтгэж өгнө. 2-3 өнгөөр зуруулах үед бийрийг угааж цэвэрлэх арга ажиллагааг хүүхдэд зааж эзэмшүүлнэ. Энэ бүлэгт усан будгаар ажиллуулахад анхны хичээлүүд дээр зураас жигд биш болох, цаас бохирдох, өнгө холилдох гэхчлэн бүтээлийн чанарыг бууруулах нөлөө үзэгдэх боловч багш сайтар бэлтгээд, хүүхэд бүртэй ажиллаж жигд сургаж чадвал хүнддэж эртдэх үйл ажиллагаа биш гэдгийг багш танд зөвлөе.

Хүүхдүүд зөвхөн долоо хоногт нэг удаа ордог хичээлээр зурах дадлыг хангалттай эзэмшинэ хэмээн үзэж болохгүй, хүмүүжлийн олон хэлбэрийн ажлын явцад хүн, амьтан, юмсыг ажиглуулж, тэдгээрийн гадаад ерөнхий шинж, хэсгүүдийн хэлбэр, өнгө зүс, хөдөлгөөний байдал зэрэгт хүүхдийн анхаарлыг хандуулан харж тогтоох ойг сайжруулах ажил чухал үүрэгтэй.

Ойлгомжтой цөөн дүртэй, энгийн зохимжтой уран зургийн бүтээлийг хүүхдүүдэд үзүүлж гол баатар болон туслах дүрийн үйл хөдөлгөөн, утгын холбоотой нэмэлт /байгаль, орчны юмс, эдлэл хэрэглэл, хөдөлмөрийн багаж, барилга, хөсөг гэхчлэн/ юмсын холбоог тайлбарлаж өгдөг өөрсдөөр нь яриулдаг байвал зургийг ойлгох, ойлголтыг улам баяжуулахад сайнаар нөлөөлнө. Хүүхдүүд уран зургийн бүтээлийг ойлгох /уншиж/ сонирхол нь өрнөн, бахархал төрөх, өөрөө энгийн юмсыг хялбараар дүрсэлж, /улаан, цэнхэр, шар/ өнгүүдийг ялган таньж нэрлэх, хэрэглэх, хичээлээр эзэмшсэн аргаараа өөртөө хэрэгтэй юухан ч болов зурж бүтээх дадалтай болсон байвал багш таны сургалт зохих төвшиндөө яваагийн гэрч тэр болно.

Дунд бүлгийн 4 настай хүүхдүүдийн урьдах бүлэгт эзэмшсэн зурах дадлыг цааш хөгжүүлж, дүрслэх арга ажиллагааг улам боловсронгуй болгох, сэдвийг улирал, цаг үеийн онцлогтой уялдуулан сонгодог болгох, өөрийн сэтгэлгээгээр зохион зурж сэдвийн дүрслэл, агуулгыг баяжуулах эрмэлзлийг өрнүүлэх, уран зургийн бүтээлийн гоо сайхныг мэдэрч, бахархах сэтгэлгээг хөгжүүлэх зорилтыг шийдвэрлэнэ.

Хичээлийн жилийн эхний 7-8 хичээлээр хүүхдүүдийн сайн мэдэх жимс, ногоо, цэцэг, ургамал зуруулж намар цагийн онцлогийг илэрхийлнэ. Сэдвийн хувьд хөтөлбөрт дурдсан сэдвийг баяжуулан орон нутгийн бололцоо, онцлогийг харгалзан зурах юмаа сонгож болно.

Намар цагийн навч, цэцэг боловсорч гүйцсэн ногоо, жимсний өнгө баялаг учраас усан будгаар өнгө ялган зурах нь илүү тохиромжтой байна. Ургамал ногооны зүйлийг балын харандаагаар дүрсэлсний дараа будагт бийрээ дүрж тодруулаад дараа нь тохирох өнгөөр будвал будаг хоорондоо уусаж уг юмны шинж чанар, үнэмшил төгөлдөр болдог онцлогтой. Дараагийн 8-1- хичээлээр дөрвөлжин, гурвалжин, дугуйг янз бүрийн дүрсийг жижиг, харьцаатайгаар дүрслэх дадлыг боловсронгуй болгох зорилгоор гэр, машин, хүүхэд зэргийг бодит зүйлтэй холбож зурах аргуудыг заах жишээтэй.

Автобус, хөнгөн тэрэг, гэр мэтийг нарийн тууз цаасан дээр томоор зурж нарийн талын хоёр үзүүрээс бага зэрэг нугалан суурь болгоод бүх хүүхдийн бүтээлийг нэг ширээн дээр байрлуулаад “Машины зогсоол” болгон тоглох эсвэл тооллын хичээл сэдэвт тоглоомонд ч хэрэглэж болох юм.  

Мөн хошуу цаасан дээр хүүхэд дүрслээд “өлгий” болгон эвхэж тоглох, өнгийн цаасаар дээл хайчлан нааж, толгой гар, бусад хэсгийг гүйцээн дүрслээд түүнээсээ уламжлан сэдэв болгон баяжуулах аргуудыг хэрэглэвэл хүүхдийн бүтээлийн гүйцэтгэлд чанарын ахиц гарч дүрслэлээр баялаг болох сайн нөлөөтэй.

Нисэх онгоц, шүхэр зурах аргыг хүүхдэд заан сургаж тэдний зохион зурах сэдвийн санг арвижуулах зорилго тавьж болно.

Дараагийн дөрвөн хичээлээр гэрийн /нохой, муур/ амьтдын дүрслэх хялбархан аргыг заах жишээг хөтөлбөрт тусгав. Нохойны толгойг хошуу цаасаар эвхэж, нүд, хамар, амыг зурж наагаад их бие сүүл, бусад хэсгийг зурж гүйцээх холимог арга ажиллагааг хэрэглэвэл илүү сонирхолтой байх болно.

Мөн хүүхэд бүр нохой буюу муурын толгой эвхэж нүүр хэсгийг зураад нэгэн тууз дээр нааж хамт олны бүтээл болгож ч болно. Эцэст нь нохой муур хоёрын тухай үлгэр зохиолын агуулгыг илэрхийлэн дүрслэх бие даасан үйлдлээр дуусгах жишээтэй.

Гуравдугаар сарын эхний хоёр хичээл дээр хошуу цаасаар цэцэг эвхэж иш, навчийг зурах, дэвсгэр цаасанд цацаг зүүлт хийх зэргээр ил захидал, мэндчилгээ бэлтгээд ээждээ бэлэглэх, мөн цэцгийг усан будгаар зурах хэд хэдэн өөр аргыг зааж аль нэгийг нь хүүхдээр сонгуулан дүрслүүлэх нь тэдний санаачилгыг өрнүүлэх үр нөлөөтэй байдгийг мартаж болохгүй.

Дараагийн хоёр хичээлээр хүүхдийн дүр төрхийг илэрхийлэхдээ дээл, даашинзыг өнгийн /жигнэмэг, чихэр, боодлын/ цаасаар хайчилж, толгой, гар, хөлийг гүйцээн зуруулах зорилт тавина. Харин толгой, гар, хөлөөр янз бүрийн хөдөлгөөнийг илэрхийлж байхаар сэтгүүлж зуруулах шаардлагатай.

Дунд бүлгийн хүүхдийн өнгийн харандаанууд болон бийрээр зурах арга ажиллагааг улам сайжруулна. Чухам юуг бийрээр зурахыг багш тодорхойлохдоо будах талбай ихтэй, том хэмжээтэй эсвэл онцлог шинж чанар нь усан будгаар будах илүү тодорхой ойлгогдох ургамал, хүнсний ногоо, жимс, машин, шувуу бусад амьтдыг сонгох жишээтэй.

Харин хүүхдийн хувцас, амьтдын цээжний хэсгийг өнгийн цаасаар хайчлуулж /эсвэл бэлдэж өгч/ наалгаад хөл, толгой чихний хөдөлгөөн, байрлалыг тохируулан гүйцээлгэж дүрслүүлэх, мөн баярын чимэг хүүхэлдэйн гоёл, мэндчилгээний хуудас мэтийг эвхэх, наах, зурах холимог аргаар хийлгэж сургавал хүүхдийн бүтээлч санаачилгыг хөгжүүлж, гар урлал бүтээлж хөдөлмөрийн дадалд бэлтгэл болдог.

Энэ насны хүүхэд үндсэн /улаан, хөх, шар/ ба үүсмэл /ногоон, хүрэн, бор, улбар шар г.м./ өнгүүдийг таниулж нэрлүүлж хэрэглүүлж сургана.

Ялангуяа монгол зураг, угалз хээни өнгийн дагнаасыг сайтар нүдлүүлэн зурагтаа илэрхийлдэг болгох нь уламжлалт зургийн аргыг ойлгодог болгохын зэрэгцээ нэг өнгийн олон хувирлыг мэдүүлэхэд чухал үүрэгтэй.

Тухайлбал: хээ угалзуудын хошмог гарган будсан дагнаасны өнгүүдээс үзэхэд:

  • Гүн улаан, улаан, улбар ягаан, ягаан
  • Гүн хөх, хөх, хөх цэнхэр, цэнхэр
  • Гүн ногоон, ногоон, тод ногоон, цайвар ногоон
  • Бор, бор шаргал, шар, цайвар шар гэх мэтчилэн олон янзаар хувирдгийг ойлгуулж, жишээ үзүүлж аль нэг өнгийн 2-3 янзаар хувиргах аргыг биечлэн зааж сургана. Ингэж өнгө хувиргахад гуаш илүү тохиромжтой байдгийг анхаарах хэрэгтэй.

Хүүхдэд зөвхөн зурах сэдэвтэй холбоотой уран зураг зураачийн бүтээлээсэ харуулах, ажиглуулах төдийхнөөр хязгаарлаж болохгүй.

Тэдний уран сайхны мэдлэгийг өргөжүүлэх зорилгоор хүүхдийн тоглох, хөдөлмөрлөх үйлийг илэрхийлсэн төрөл бүрийн техникийн загвар, цэцэг, жимс, ургамал, амьтад, шувуудын амьдрал орчныг харуулсан уран зургийн бүтээл, өнгөтэй ба хар гэрэл зураг үзүүлж тайлбарлан ажиглуулдаг байвал хүүхэд өөрийн дүрслэх ажилд хэрэгтэй мэдлэгийг олж авах эх булаг болно. Энэ насны хүүхдийн ойлгоход дөт уран зураг, уран баримал гоёл чимэглэл, ардын урлалын ямар ч бүтээлийг бүлгийн өрөөний чимэг болгон байрлуулах, эсвэл чөлөөт цагаар нь сонирхуулах байдлаар бага бүлгийн адил тайлбарлаж өгдөг, хүүхдүүд хэр ойлгосныг мэдэхийн тулд тэднээр яриулах зэрэг ажлыг тогтмол зохиовол урлагийн бүтээлийг ойлгох, гоо зүйн хүмүүжил олгоход үнэтэй нөлөө үзүүлнэ.

Ахлах бүлгийн 5 настай хүүхдүүд бага, дунд бүлгийг дамжсан бол ерөнхий мэдлэгийн хүрээ нэлээд өргөжсөн учир хүмүүсийн хөдөлмөр, хүрээлж буй орчны юмсын онцлог, адил төстэй ба ялгаатай шинжүүдийг биеэ даан ажиглах чадвар эзэмшүүлэх зорилт тавьж хэрэгжүүлэх бололцоотой байна.

Энэ бүлэгт хүүхдүүд зургийн хичээлээр өөрсдийн сайн мэдэх ургамал, амьтад, гэр байшин, ордон, сүм болон хээ угалзын олон хувилбарыг өөр хооронд нь харьцуулан жиших, өөрийн сонирхлыг татсан бодит юмс, үйл явдлыг онцгойлон шилж авч дүрслэх арга ажиллагаанд дадлагажих болно.

Хүүхдэд уран зургийн энгийн зохиомжтой, агуулга, дүрслэл сайтай байгаль, нийгмийн үзэгдэл хүмүүсийн хөдөлмөрийг харуулсан бүтээлийг ажиглуулан тэдгээрээс ойлгосноо өмнөх мэдлэгтэйгээ хослуулан бүтээлдээ тусгах аргыг эзэмшүүлэх хэрэгтэй.

Хичээлийн жилийн эхний сард намар цагийн ургамал, жимс, хүнсний ногоо мэтийг өмнөх бүлгүүдэд эзэмшсэн туршлагадаа тулгуурлан дүрслэхийн хамт усан будгаар ажиллах арга барилаа бататган гүнзгийрүүлэх зорилтыг хэрэгжүүлж болох юм. Хүүхдүүдээр бодит юмнаас харуулж дүрслүүлбэл илүү өгөөж сурц сайтай байдаг онцлогийг санаж хөтөлбөрт заасан сэдэвт хавчигдалгүй орон нутгийн цэцэг ургамал, мод, бут, үр жимс, дуураймал дүрсийг сонгон зуруулж болно.

Дараагийн дөрвөн хичээлийг машинуудын олон төрөлтэй танилцуулж хүүхэд сонирхсон машин /суудлын, үйлчилгээний, их даацын тэрэг/-ыг сонгож дүрслэх буюу сэдэв болгон баяжуулах аргыг заан сургаж болох юм.

Дараагийн 3-4 хичээлээр хүүхдийн үзсэн номын зураг, кино, зурагт радионоос сайн мэдэх болсон амьтдыг зурах шинэ аргад сургаж, тэр дадал туршлагадаа тулгуурлан сонссон үлгэр, уран зохиолын агуулгыг илэрхийлж чаддаг болгохыг зорьж болох жишээтэй юм.

Хүүхдээр зуруулах сэдвүүдийг цаг үе, улирлын байдалтай уялдуулахын зэрэгцээ тодорхой нэг зүйлийг дүрслэх чадвар, дадлыг тодорхой хэмжээгээр эзэмшүүлэхэд илүү үр дүнтэй гэж үздэг.

Тухайлбал: эхний гурван сарын хичээлүүдийг ажиглахад өнгө, харьцаагаараа өөр боловч хэлбэр төстэй ногоо, жимсүүдийг 3-4 цуврал хичээл болгон бэхээр тоймлоод усан будгаар дүрслэх буюу хэлбэр, харьцаа, хэмжил, бүтцээр өөр ч дүрслэх зарчим дарааллаараа ижил олон төрлийн машинуудаас сонгох зурах ажлыг цуврал болгон явуулах, эсвэл бүтсэн хэсгийн хэлбэр, тоогоор ойролцоо /туулай, үнэг … / амьтдыг дүрслэхдээ хэсгүүдийн байрлалыг янз бүрээр өөрчилбөл олон өөр хөдөлгөөнтэй болж тус бүртээ нэг үйл явдал, ааш занг илтгэх мэт сэтгэл төрүүлж сэдвийг ургуулан бодох нөхцөл бүрдэж хүүхдүүдийг хөгжүүлэх ашигтай.

Цаашдын хичээлүүдэд ч мөн ийм зарчмыг гол чиглэл болгосон. Хичээлийн жилийн дөрөв дэх /12 дугаар/ сард тоорцог, ууж, хантаазны хэлбэртэй цаас бэлтгэж /эсвэл хүүхдээр хайчлуулж/ түүнээ үндэсний хээ угалзын хялбар хэсгүүдээр чимэх, дараа нь хүүхэд зурж хувцсыг хээлэн дүрслэлийг баяжуулах дадал олгох ба энэ үйл ажиллагаандаа зориулж хүүхдүүдийг үндэсний хэв маяг, хээ угалз, чимэглэлтэй сайтар танилцуулахад ажиглалтын гол зорилт чиглэх болно.

Дараа нь нисдэг тэрэг орчны барилгын онцлогийг илэрхийлэх аргыг хүүхдэд зааж сургаад өөрсдөө сэдэв зохион зурах санаачилгыг өрнүүлэх зорилготой байхад үндэсний баяр цагаан сар болдог хоёрдугаар сард тэр агуулгыг илтгэх сэдвүүдийг сонговол илүү тохиромжтой юм.

Айргийн ваар, мэлхий ширээний хэлбэртэй цаас бэлдэж багшийн зөвлөсөн, хүүхдийн ажиглан тогтоосон хээгээр чимэглэх аргад сургасны дараах хичээлээр нэг нь ваарыг нөгөө нь ширээг, гурав дахь нь таваг, бусад нь домбо, аяга, халбага мэтийг хээлэн эцэст нь хийсэн бүх зургаа нэгтгэж “баярын ширээ” гэсэн хамт олны бүтээл болгох эсвэл хэд хэдэн төрлийн хээ угалзаас жишээ авч ширээ, авдар, шүүгээ сав суулгын хээ угалз зохиох бие даасан ажил болгох жишээтэй байж болно.

Гуравдугаар сарын эхний хичээл дээр ээждээ, багш, охидод өгөх мэндчилгээний хуудас бэлдэхийн тулд хайчлах, наах, зурах үйлдэл хосолсон бүтээл хийх, эмэгтэйчүүдийн гоёлыг ажигласны үндсэнд үндэстэн, ястны хувцасны онцлог ялгаа төсөөг тодорхой ажиглуулж “ажилч хүүхэд”, “уран сайханч хүүхдүүд” гэхчлэн сэдвүүдийг зохион зурах, санаачлан дүрслэх боломжтой. Хүүхдүүд орчныхоо бодит юмсыг дүрсэлж сураад түүнээсээ ургуулан аливаа адал явдал, үлгэр зохиолын агуулгыг өөрийн бодож сэдсэнээр чөлөөтэй, зоригтой илэрхийлэх чадвартай болж эхлэх үе юм.

Хүүхдэд хуримталсан мэдлэг дадал, гарын эв дүй, бодож сэдэх бие даасан чанар нь наадам, тоглоомын үйл ажиллагаанд хэрэгтэй зүйлээ санаачлан бэлтгэж чаддаг болсон цагт л сурсан нь амьдралд хэрэгжиж буйн баталгаа болох учиртай. Дөрөвдүгээр сарын хичээлийг хүүхэлдэйн өрөөнд ширдэг, хивс орны аравч, сандлын олбог бусад гоёл бэлдэх цуврал болгон зохион байгуулбал нийт хүүхдэд нэлээд сонирхолтой ажил болно. Үүний тулд дурдсан эдлэлийнхээ угалзыг ажиглуулан зураг дээр үзүүлж, тайлбарлаж өгөх, багшаас жишээ болгон зурж харуулах, хүүхдийн сонирхлын дагуу хээ сонгуулах мэтчилэнгээр хэрэгцээндээ тохирсон хэлбэр хэмжээтэй цаасанд зурж бэлтгэх ажлыг хийж хүүхэлдэйн өрөөнд чимэглэл богож тавибал хүүхдүүд өөрсдөө хэрэгцээний бүтээгдэхүүн хийж байгаадаа урамшин баярлах нь гарцаагүй.

Хичээлийн жилийн эцэст нүүдлийн шувууд орон нутагт элбэг тохиолдох учир түүнийг харуулах, ажиглуулах, зураг бүтээлд нь төрх байдлыг нарийвчлан гаргуулах, дүрслэх хялбар аргыг үзүүлэх мэтчилэнгээр ус, уул, мод байгалийн үзэмжийг хослуулан илэрхийлэх арга ажиллагаанд сургавал тохиромжтой. Сар бүрийн эхний гурван хичээлээр хүүхдэд ямар нэг юмсын тухай зохих хэмжээний мэдлэг олгож, түүнээ дүрслэх тодорхой арга ажиллагаанд сургахад хөтөлбөрийн агуулга чиглэсний сацуу дараагийн хичээл болгон нь өмнөх туршлагаа нэгтгэн тайлагнах шинжтэй байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд өөрийн санаачилгаар сэдвийг сонгож зохион зурсан, бүх мэдлэг дадлагаа шавхан дайчилж илэрхийлсэн хамгийн бүтээлч үйл ажиллагаа болгох зорилготой юм.

Ер нь хүүхдүүдийн бодит юмыг хараад судлах, турших зорилгоор дүрсэлсэн зургаас бусдад нь тэд өөрийн уран санаагаар баяжуулсан аль болох бүтээлч “шинэ нээлт”-ийн ажил байлгахыг багш бүр хичээдэг байхыг чухалд үзнэ. Харин багшийн хэлсэн, үзүүлсэн зөвлөснийг хүүхэд бүр яг хуулан дуурайсан байвал, хүүхдийн бүтээлч санаачилга хөгжөөгүй, зурах арга барилд зохих хэмжээгээр дадаагүй, зөвхөн хүний үгийг дуурайн давтагч шинжтэй бол сургалтын үр дүн сайн биш байгаагийн илрэл гэж үзэх хэрэгтэй.

Бэлтгэл бүлгийн хүүхдүүд хүмүүсийн дүр төрх, үйл ажиллагаа, мал, амьтдын хөдөлгөөн бусдаас ялгарах онцлог ялгааг байгалийн нөхцөл байдалтай нь холбож зохих хэмжээгээр дүрслэх, зурах, тодорхойлох чадвартай болсон байдаг. Харин ажиглаж олж авсан хэрэгтэй дүрслэлийг харааны ойд хуулбарлан тогтоож, дараа хэрхэн дүрслэхээ бие даан бодож төлөвлөдөг чадварыг сайжруулахад сургалтын зорилтыг нэг хэсэг чиглэх болно.

Хүрээлэн буй орчны саланги юмсын хоорондын харилцан уялдааг гярхай ажин мэдэж сэдвийн гол дүрийг тойрсон туслах зүйлийг сонгож агуулгыг дэлгэрүүлэх, уран зургийн бүтээлийн урласан арга барилтай танилцуулж зурдаг арга ажиллагааг нь баяжуулах, өөрийн санаачилга хүсэл мөрөөдлийг зураг болгон дүрслэх гэхчлэн хүүхдийн бүтээлч үйл ажиллагааг бадраах нь багшийн чухал зорилтын нэг хэсэг байна.

Энэ бүлгийн зургийн хичээлийн сэдвүүд сар бүртээ нэг цуврал байх чанар, урд эзэмшсэн дадлаа давтан хэрэглэж зурах аргаа боловсронгуй болгох зарчим, хичээл болгоноор зурах шинэ аргыг нэмэн сурч байх зорилго, нэг юмны олон төрлөөс аль нэгийг сонгож зурах, түүнийхээ агуулга, дүрслэлийг төгөлдөржүүлж сэдэвчлэх талаараа өмнөх бүлэгтэй адил боловч зурах арга дүрслэх зорилго аажмаар нарийсаж байдгаараа чанарын ялгаатай байна.

Эхний дөрвөн хичээлээр намар цагийн навч, хүнсний ногоо, жимс, мод дүрсэлж бэх, усан будгаар хослон ажиллуулах арга ажиллагаанд дадлагажуулна. Дараагийн дөрвөн хичээл нь номын хавчуурга, сав, суулгын /дүрсийг хайчлан өгч/ хээ зохиолгох явцад цэцэг, навчин хээ, эвэр ба хамар угалзын төрлүүдээр чимэх аргыг зааж сургах нь тохиромжтой. Удаах цуврал нь машин зурдаг туршлагад нь тулгуурлаж хүүхдийн тэрэг, морь, тэмээн тэрэгнүүдийг ажиглуулан, дүрслэх арга дэс дарааг заана.

Эдгээр сэдвийг хайчилж наах, зарим хэсгийг зурж гүйцээхээр зохиож байгуулж ч болно. Хоёрдугаар улирлын эхний /12-р сарын/ гутал, дээлийн дүрстэй цаасан дээр хээ чимэглэлийг өнгө зохиомж тохируулж зохиох, улмаар хүүхэд том хүнийг гоёлын хувцастай дүрслэн сэдвийн гол баатар болгоход тэдний анхаарлыг чиглүүлж, дараагийн цувралаар морь, тэмээн тэрэг түүний тоног хэрэглэлийг чимэглэлтэй дүрслэх, хүмүүсийг гоёлын хувцастай болгон зурж, дүрслэл баялаг, утга яруу болгох ажлын бэлтгэл болгож байвал сайн юм.

Дараагийн сард нь монгол зурагт түгээмэл тохиолддог уул, ус, үүлэн хээг зурах энгийн аргыг зааж үндэсний уламжлалт зурагтай танилцуулах ажлыг чөлөөт цагт болон хичээлийн үед ч зохион байгуулж болно.

Сүүлчийн улирлын эхэнд /3-р сарын/ хичээлээр хээ угалзан чимэгтэй мэндчилгээг бэлдэж ээж, эгч, эмээдээ гардуулж болох юм. Хүүхдүүд өөрийн сонирхлыг гоц татдаг машин, тэрэг, онгоц тэргүүтнийг зурж утга төгөлдөр сэдэвт зураг бүтээхийг зөвлөж ч болох юм.

4-р сард гэр, майхан, сүм, ордон, сургууль гэхчлэн сэдвүүдийг хээ чимэглэлтэй зурах байж болох бөгөөд сүүлийн 4 хичээлээр шувуудын олон төрлөөс аль сайн мэддэгийгээ сонгохн дүрслэх байж болох жишээтэй.

Хүүхдүүд цэцэрлэгийн зургийн хичээлийн хөтөлбөр, шавар, цаасаар тоглоомын хэрэглэл урлах үйл ажиллагааг дүүргэсний дүнд дүр, өнгө, гэрэл, сүүдрийн ураар илэрхийлдэг бодит зураг, дүрсийн зохиомж болон зураас, өнгө зохицлын гайхамшгаар утга санаагаа өгүүлдэг зураасан зургийн хялбар зохиомжтой, энгийн агуулгатай бүтээлүүдийг хэр хэмжээгээрээ ойлгон таашаадаг, уран баримлын жижиг төрөл /наадмын зүйл, баримал, хөөмөл, шуумал, сийлбэр, цутгуур/ -үүдийг мэддэг, хичээлийн явцад зураасан зураг, баримлын хамгийн наад захын хялбар аргаар ажиллах дадалтай болж сургуульд шилжин ордог.

Ийм учраас хүүхдэд дүрслэх урлагийн дээр дурдсан төрлийн бүтээлүүдээ танилцуулах ажлыг хичээлийн болон чөлөөтэй цагт нь тогтмол зохион байгуулах шаардлагатай.

Монголын нэрт зураачдын сонгодог бүтээл, орчин үеийн зураач, барималчдын шилдэг бүтээлээс аль бүлэгт ямрыг танилцуулахаа багш шийдвэрлэнэ. Тухайн зургийг бүтээсэн түүх, агуулга утга санаа, ур чадлын гайхамшгийн талаар мэргэжлийн зураачаас асууж зөвлөгөө авахад ч болох юм.

Бодит зураг- ийн хичээлээр хүүхдийг орчны юмсын хэлбэр, дүрс галбир, бүтсэн хэсгүүд, тэдгээрийн хоорондын харьцаа, өнгө зүс бусдаас ялгарах онцлогууудыг ажиглуулаад түүнийгээ дурдсан эдгээр шинжүүдээр нь адил зурж, будах арга ажиллагаанд сургана. Өөрөөр хэлбэл, аливаа юмын онцлог шинжийг харж тодорхойлох, дүрслэх арга, дэс дарааг сурах “судалгааны” ажил юм. Бага бүлэгт зурдаг бүх сэдэв бодит зургийн хичээл юм. Мөн дунд, ахлах, бэлтгэл бүлгийн сар бүрийн эхний хичээлүүд голдуу бодит юмсыг харж зурж судлах үйлдэл байвал тохиромжтой.

Бодит юмыг зуруулахын өмнө хүүхдээр сайтар ажиглуулж, бүх шинжүүдийг мэдүүлсэн байх шаардлагатай. Ийм ажиглалтыг хичээлээс урьд буюу хичээлийн эхэнд хийх гэсэн хоёр шаттай байна.

Хүн, гэрийн мал, гэрийн амьтад, ан араатан, жигүүртнийг жинхэнэ байдлаар нь харж ерөнхий гадаад төрх галбир нь бусдаас ямар ялгаатай, ямар хэлбэртэй, хэдэн хэсгээс бүтсэн, бүтсэн хэсгүүдийн хоорондын /том жижгийн/ харьцаа ямар байгаа, өнгө зүс зэргийг нэг бүрчлэн нэрлэн тайлбарлаж өгч, хүүхдээр хэлүүлж, харуулж тогтоолгох ажлыг хичээл болохоос 1-3 өдрийн өмнө зохион байгуулсан байх шаардлагатай. Хүнийг урдаас буюу ардаас нь харахад толгойг дугуй, биеийг урт босоо дөрвөлжин, гар хөлийг босоо нарийн дөрвөлжнөөр дүрсэлж болохоор байна. Туулайны толгойг дугуй, чихийг хос зууван дугуй, их биеийг арай том зууван дугуй, хойд урд хөлийн жижиг зууван дугуйнуудаар дүрсэлж болохоор байна. Туулай бор саарал зүстэй, чих урт, хоншоор богино, урд хөл нь хойд хөлнөөсөө богино, сүүл жижиг бөгөөд үзүүр нь хар байдгаараа бусад амьтдаас ялгаатай байна гэх жишээтэй.

Гэр, байшин, машин, ургамал, цэцэг жимс мэтийг ажиглуулахад хэлбэр, өнгө, ямар дүрстэй хэдэн хэсгээс бүтсэнийг тодорхойлон ярилцана. Гэрийн хана нь урт /хөндлөн/ дөрвөлжин, дээвэр гурвалжин, тооно жижиг зууван дугуй хэлбэртэй байна. Ханын голд хаалга, хоёр бүслүүр /хошлон/ хоорондоо ижил зайтай байрлажээ.

Суудлын машины төмөр хэсэг урт /хөндлөн/ дөрвөлжин, шилэн хэсэг нь хоёр тал нь налуу дөрвөлжин, дугуйнууд нь дув дугаргий хэлбэртэй байна гэхчлэн тодорхой дарааллаар ярьж тайлбарлан ажиглууллах болно. Урьдчилсан иймэрхүү ажиглалтыг хичээлээс гадуур хүмүүжлийн ажлын явцад зохионо. Харин зургийн хичээлийн хуримтлуулсан мэдлэгийг сэргээн сануулах зорилготой богино хугацаатай, товчхон ажиглалт хийх шаардлага гардаг.

Хичээлийн эхний энэ ажиглалтад бодит юмыг тэр болгон жинхэнээр үзүүлэх бололцоогүй учир наадмын зүйл, зураг дуураймал дүрс, багшийн бэлтгэсэн загваруудаас харуулан дүрслэхэд хэрэгтэй шинжүүдийг товч дурдан, бодит юмыг ажиглах явцад хуримтлуулсан мэдлэгийг сэргээн сануулна.

Ийнхүү хоёр үе шатаар хийлгэсэн ажиглалт хүүхдэд уул юмыг дүрслэх бүрэн бэлтгэл болж чадахгүй байх тохиолдол олонтой.

Багш зуруулахаар ажиглуулсан юмаа хүүхдийн өмнө тэдний харааны төвшинд байрлуулж, зурах дарлааллыг самбарт хүүхдийн зурах цаастай ижил харьцаатай цаасан дээр дүрслэн үзүүлэх хэрэгтэй болдог. Ингэж багшаас дуурайлал болгон үзүүлэхдээ зөвхөн дүрслэх дарааллыг үзүүлэх буюу дүрслэх, будах дарааллыг хамт үзүүлэх, эсвэл аль нэг хэсгийг үзүүлж заримыг амаар тайлбарлан сануулж болох жишээтэй байна.

Хичээлийн эхэнд хүүхдэд хур мэдлэгийг сэргээн сануулах, дүрслэх будах дэс дарааг үзүүлэх багшийн үйлдэл 2-3 минутаас хэтрэхгүй богино хугацаанд сул үггүй, оновчтой, товч тайлбар яриатай хослон явах нь хамгийн тохиромжтой.

Хүүхдүүд багшийн зөвлөгөөний дагуу бие даан дүрслэх явцад тэдний зураг бодит юмтай хэлбэр, хэсэг, харьцаа, өнгө, хөдөлгөөн, байрлал нь адил болж буй эсэхэд хяналт тавьж гарсан алдааг засах зөвлөгөөг хүүхэд бүрт өгөх үед багшаас оновчтой үгээр шийдвэртэй зөвлөх, дүрслэх, будах аргыг богино хугацаанд үзүүлэх зэрэг үйл ажиллагааны өндөр хурд шаардах болно.

Сэдэвт зураг нь хүүхдүүдэд юмыг судлах бодит зургаас дутуугүй бүтээлч бөгөөд сонирхолтой үйл ажиллагаа байдаг.

Ямар нэг үйл явдал, үзэгдлийг илэрхийлсэн сэдвийг зурж дүрслэхэд хүүхдүүд урьд зурсан бодит зүйлээ дахин дүрсэлж хөдөлгөөн, байрлалыг өөрчлөн “үйл явдал” болгох нь хамгийн хялбар арга юм.

Хүүхэлдэй зурсны дараагийн хичээлээр хоёр хүүхэд дүрслээд “Хоёр найз”\, хүүхдийн гүйж яваа хөдөлгөөнтэй зураад “Уралдаан” гэх жишээтэй. Хүүхдүүд урьд зурснаа давтан дүрслээд утгын холбоотой жижиг юмсыг орчин болгон нэмэн зурж сэдвийнхээ агуулгыг өргөжүүлбэл нэлээд бүтээлч шинжийн илрэл болно.\

Хүүхэд дүрслээд дээд хэсэгт нь нар, уул, үүл, доор нь ногоо, цэцэг нэмэн зурж “Нартай цэлмэг өдөр цэцэг, ногоо ургасан цэцэрлэг дунд яваа хүүхэд” гэсэн сэдэв болгох жишээтэй.

Мөн сэдвийн баатруудын хэсэг болгоныг нарийвчлан зурж дүрслэлийг баяжуулж чаддаг болгох нь бүтээлийг утга төгс, дүрслэл баян, уран бүтээлийн шинжтэй болгохын зэрэгцээ тухайн хүүхдийн ургуулан бодох бүтээлч санаачилга, ур чадвар, уран сайхны таашаал хөгжсөний илрэл, сургалт үр дүнд хүрч буйн баталгаа болно.

Сэдэвт зургийн агуулга, дүрслэлийн баяжуулах, бүтээлч санаачилга, ур дүйг хөгжүүлэхийн тулд хүүхдүүдэд уран зургийн бүтээл үзүүлж, түүний утга агуулга, гол дүр, туслах юмс, орчныг сонгосон байдал тэдгээрийн хоорондын харьцаа, хэмжээ, өнгө зохиомжийг тохируулсан аргыг тайлбарлаж өгөх ажил ихээхэн нөлөөтэй байна.

Ялангуяа дүрслэлийг баяжуулах аргыг хүүхдэд эзэмшүүлэхэд ардын гар урлал, хээ угалзыг үзүүлж ажиглуулан, угалзын утга бэлгэдэл, өнгийн дагнаас хоршил, хэлбэр зохиомжийг тайлбарлан ойлгуулдаг, зурах хялбар аргыг зааж сургадаг байх шаардлагатай. Ийм үйл ажиллагааны явцад хүүхдийн эзэмшсэн мэдлэг, дадал, сэдвийн дүрслэлийг баяжуулахад тустай төдийгүй тоглоомондоо хэрэгтэй чимэглэл бэлдэж сурахад нь чухал үүрэгтэй байна.

Хүүхдүүд бодит юмыг харж байгаад дуурайлган зурах, улмаар түүнийгээ дахин давтан зурж, утгын холбоотой зүйлээр баяжуулж сэдэв болгох аргыг багшийн удирдлагын дор эзэмшдэг.

Харин сэдвийг өөрөө сонгож зохиомж, агуулга, дүрслэлийг төгс болгох бүтээлч үйл ажиллагаа нь хүүхдийн хувийн санаачилгаар бүтдэг зургийг зохиол зураг буюу санаачлан зурах сэдэв гэж нэрлэдэг. Ийм хэлбэртэй сэдэвт зураг сар бүрийн сүүлд өмнөх хичээлээр сурсан бүхний тайлан байдлаар хийдэг байвал илүү зохимжтой юм.

Энэ хичээлээр хүүхдийн зурсан бүтээлээс хүүхэд бүрийн зурах чадварын хэр хэмжээ, гоц авьяасын илрэлийг харж болохоос гадна багшийн заах арга барилын өгөөж, үр дүнг тодорхойлох бололцоотой юм.

Хүүхдийн зурсан зураг бүтээл бүхэн өөрсөндөө “шууд хэрэгцээний бүтээгдэхүүн” болдог байх явдал хөтөлбөрийн туйлын зорилго юм. Тухайлбал хичээл дээр хийсэн зураг, чимэглэлүүд хүүхэлдэйд бүс, бээлий, хувцас, гоёл, өрөөний нь ширдэг, аравч хивс олбог, бүтээлэг, зарим бүтээл нь бүлгийн чимэг, хүнд дурсгах мэндчилгээ, үзэсгэлэн уралдаанд явуулах бүтээл болдог байх.

Шавар, цаасаар урласан зүйлс нь сэдэвт тоглоомын хэрэглэгдэхүүн /дэлгүүрийн чихэр, боов ногоо, жимс, зочны зоог/ болдог байвал сургалт амьд сонирхолтой болохоос гадна сургуульд ороод хийх урлалын ажлын суурь бэлтгэл болно.

Бодит зураг, сэдэвт зургийн зарим бүтээлүүдийг хүүхэд болгоны хавтсанд хадгалаад тэдний мэдлэг дадлын түрүүлсэн, хоцорсныг тодорхойлж хэнтэй яаж ажиллахаа төлөвлөх, тайлан үзэсгэлэн гаргах, багш заах арга барилдаа дүгнэлт хийх баримт болгоно. Сургуульд шилжихэд дагалдуулан явуулж ч болно.

Leave a Comment