БАГШИД ӨГӨХ ЗУУН ЗӨВЛӨГӨӨ – 49

49.БАГШИЙН ТЭМДЭГЛЭЛТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Би сурган хүмүүжүүлэх тэмдэглэл хөтөлж байгаач гэж багш бүрт зөвлөе. Энэ чинь албан ёсны баримт бичиг биш. Өдрийн тэмдэглэл бол үнэхээр хувийн бичиг, хувийн тэмдэглэл мөн. Тэр нь өдөр бүрийн ажилд чинь хэрэг болж ч магадгүй. Түүнд л ухаан бодол, уран бүтээлийн эх булаг оршдог юм. Арав, хорь, гучин жил хөтөлсөн өдрийн тэмдэглэл аугаа их үнэ цэнэтэй болдог юм. Ухаалаг сурган хүмүүжүүлэгч хүн бүрт өөрийн гэсэн систем, сурган хүмүүжүүлэх соёл байдаг шүү дээ. Жинхэнэ бүтээлч, багш, мастер багш хүн насан өөд болно гэдэг бол бүх л амьдралынхаа турш хуримтлуулсан сурган хүмүүжүүлэх ховор нандин эрдэнэсээ аваад явчихна л гэсэн үг. Ингэхлээр сурган хүмүүжүүлэгчдийн өдрийн тэмдэглэлийг музей, эрдэм судлалын институтэд хадгалах юм бол ямар ховор нандин үнэт зүйл болохсон бол.

Би өдрийн тэмдэглэлээ гучин хоёр жилийн турш хөтөлж байна. Бага ангийн багш болж сургуулийн босгыг алхаж сурган хүмүүжүүлэх хөдөлмөрөө эхэлсэн анхны өдрөө л би энэ тухай бодсон юм. Бүхэнд хачин хүн гэж нэрлэгдсэн нэгэн бага эмч манайд ажилладаг байлаа. Энэ хачин хүн нэгдүгээр ангид элсэн байгаа хүүхдүүдийн биеийн жин, өндрийн хэмжээг маш анхааралтай тэмдэглэн бичиж авдгийг би мэдлээ. Би түүний хорин долоон жил хөтөлсөн тооцоо, тэмдэглэлийг үзэн гайхаж ярилцсан билээ.

-Энэ тэмдэглэл танд ямар хэрэгтэй юм бэ? гэж би асуув.

-Энэ бол маш сонирхолтой ажил, хорин долоон жилийн дотор хүүхдийн өндөр дөрвөн сантиметр хагасаар өссөн байгааг хараач. Дахин нэг гучин жил амьдрахсан …гэж бага эмч санаа алдав.

Тэр үед өсөлтийн түргэслийн тухай хэн ч төсөөлөөгүй байсан цаг. Дайны эхэн үед бага эмч маань хүндээр өвчилж тэмдэглэлээ надад явуулжээ. Би ч сургуульд ажилласан анхныхаа өдрөөс эхлэн хүүхдийн биеийн жин, өндөр, оюуны хөгжлийн тухай тэмдэглэл хөтөлдөг болсон юм. Хөдөөгийн хүүхдийн 59 жилийн өсөлт хөгжилтийг харуулсан миний хамгийн үнэ цэнтэй зүйл гэж үздэг тэмдэглэл одоо ч надад бий.

Би 32 жилийн турш сургуульд орсон хүүхдийн төсөөлөл, түүний хэмжээг эхний хоёр долоо хоногт ажиглан тэмдэглэж байна. Хүүхдүүд адилхан нэг л асуултад хариулдаг юм.

Нэгээс зуу хүртэл тоол… Өөрийнхөө мэддэг амьтан, шувуудыг нэрлэ. .. Мэддэг машинаа нэрлэж хаана юунд хэрэглэдгийг ярь…

Эдгээр асуултад өгсөн хариулт бол миний бодож байгаагаар ихээхэн үнэ цэнтэй зүйл мөн. 1935 онд нэгдүгээр ангид элссэн 35 хүүхдээс зөвхөн ганц  нь л нэгээс зуу хүртэл тоолж 5 хүүхэд хорь хүртэл тоолж чаддаг байсан юм. (Тэгэхэд I ангид 8 настай орж байлаа.) 1966 онд нэгдүгээр ангид элссэн 36 хүүхдийн 24 нь зуу хүртэл тоолж үлдсэн 12 нь 20, 30, 40 хүртэл тоолж байв. (Тэд бол долоон настнууд). Хүүхдүүд жилээс жил ирэх тутам машины тухай, технологийн процессын тухай улам ихийг мэддэг болж байна. Гэвч харамсалтай нь жил өнгөрөх тутам хүүхдүүд ургамал, амьтан, шувуудын тухай улам бага мэддэг болж байна.

1935 онд 35 хүүхэд цөм зун цагийн үүрийн туяаг үзсэн, нар мандахыг дүрслэн бичиж чадаж байсан юм. Гэтэл 1966 онд 36 хүүхдийн зөвхөн 7 нь үүрийн туяа гийж, өглөөний нар мандахыг үзсэн байлаа. Би өөрийнхөө тэмдэглэлд сурагчид гэрийн номын сандаа ямар номтой, эцэг эх нь ямар боловсролтой, аав ээж нь үр хүүхдийнхээ хүмүүжлийн төлөө хэчнээн цаг зардаг зэргийг бичдэг юм. Эдгээр материалыг харьцуулан үзвэл бас л сонирхолтой зүйл харагдана.

Хэцүү хүүхдийн тухай асуудал өдрийн тэмдэглэлд онцгой байр эзэлдэг. Би тэдний хичээл дээр ба гэртээ байгаа байдал, оюуны хөдөлмөрийн нарийн ялгааг олж тэмдэглэхийг маш чухалд тооцдог. Тэмдэглэл, ажиглалт, ойлголт багш хүний ажилд маш их тустай. Жишээ: Оюуны үйл ажиллагаа нь хэт удааширснаас сэтгэл санааны хүрээ нь харьцангуй хязгаарлагдсан хүүхэд бол шинжлэх ухааны хялбаршуулсан ном зохиолоос алийг нь яаж унших талаар би нэлээд дүгнэлт хийсэн юм.

Өдрийн тэмдэглэл бол ямар зүйлд оюуны хүчээ төвлөрүүлэхийг жолоодож, үзэл бодлыг хурцалдаг зүйл. Би гүн бат мэдлэг, үзэл бодлын тухай бичихэд зориулан өөрийнхөө өдрийн тэмдэглэлээс олон хуудсыг зориуд гаргадаг. Тэмдэглэлээс хийсэн бүх судалгаа, харьцуулал, анализ бүр гүн бат мэдлэг олон зүйл, нөхцөлөөс хамаардгийг харуулна. Өдрийн тэмдэглэл эрэгцүүлж бодоход сургана.

Leave a Comment