Сэтгэл судлалын шинжлэх ухааны тухай товчхон өгүүлэх нь …

Бид орон, цаг, хөдөлгөөнийг хэрхэн тусгадаг вэ?

Эрин үеийн хүн! Энэ гуравхан үгийн цаана ямар утга санаа агуулагдаж байна вэ? Одоогийн хүнд ертөнцийг танин мэдэж, хувьсган өөрчлөх мэдлэг боловсрол, хүч чадал төгс байдаг гэсэн санаа илэрхий.

Хүн төрөлхтөн уулын оргил өөд авирч, далайн гүнд шумбан, сансар огторгуйд дүүлэн нисэж, атомын нууцыг нээж, орд харш сүндэрлүүлэн босгож, бичил организмын амьдралыг судалж өөрийгөө хүрээлэн буй ертөнцийг улам улам танин мэдэж байна. Хүрээлэн буй ертөнцийн тухай бидний мэдлэгийн эх булаг нь тэр юмсын дуу чимээ, үнэр амт, өнгө зүс, халуун хүйтэн, хэлбэр хэмжээ, зай завсар зэрэг бодит зүйлийн шууд нөлөөлөл бидний мэдрэхүйн эрхтэнд үйлдэл үзүүлж байгаа процесс юм.

Хүний мэдрэхүйн эрхтнүүд нь биднийг хүрээлэн байгаа орчинтой баримжаалан зохицуулж, тэдгээрийг таньж мэдэх гэсэн идэвх тэмүүлэлд татан оруулна. Хэрвээ хүнд мэдрэхүйн ямар ч эрхтэй байхгүй бол түүнийг эргэн тойрон байгаа зүйлийн тухай нэг ч мэдээ хүлээн авч чадахгүй байх сан билээ.

Бид өөрийгөө эргэн тойрон байгаа юмс, үзэгдлийг ажиглан хараад юм уу, эсвэл гоё сайхан ая дуу, хөгжим, хүний хэлж ярьж байгаа үгийг сонсоод бидний мэдрэхүйн эрхтнүүд нь хэрхэн яаж ажилладаг тухай өөртөө асуулт тавина. Янз бүрийн мэргэжлийн бүх хүмүүст хараа, сонор, үнэр амт үүсэж явагдах зүй тогтлын тухай мэдлэг зайлшгүй хэрэгтэй. Италийн аугаа их зураач Леонардо да Винчи харааны хүртэхүйн талаар хамгийн анх судалсан хүний нэг юм. Ман Оросын их эрдэмтэн М.В.Ломоносов харааны өнгө үүсэх хууль зүйг судалсан байна. Энэ мэтээр эрт үеэс эхлэн хүн төрөлхтөн өөрийн ертөнцийг тусган хүртэх үйлийн онцлогийг судалсаар ирсэн байна.

Хүний танин мэдэх үйлийн дараачийн шат нь хүртэхүй юм. Хүртэх гэдэг үг нь тусган таних гэсэн утгаар хэлэгдэнэ. Хүн төрөлхтөн нь бодит ертөнцийн юмс, үзэгдлүүдэд байдаг шинж чанаруудыг хамтруулан нэгтгэж тусгах сэтгэцийн процессыг хүртэхүй гэнэ. Ийм учраас хүртэхүй нь үзэгдэл, юмсыг бүхлээр нь бодитойгоор тусгадаг сэтгэцийн нарийн үйл юм. Хүн юмыг тусган хүртэхэд мэдрэхүйн эрхтнүүдийн (анализатор) задлан ялгагчдын уураг тархинд үүссэн хөөрлийн олон голомтуудын хооронд мэдрэлийн холбоо бүрэлдэн тогтоход хүн уг зүйлийн тухай мэдлэг төсөөлөлтэй болдог. Энэ нь хүртэхүйн физиологийн механизм юм. Нэг зүйлийг тусган хүртэхэд олон төрлийн сэрлүүдийн үйл ажиллагаа хамтран оролцдог юм.

Хүртэхүйг тусгалын үйл ажиллагаанд оролцож байгаа задлан ялгагчдын оролцоогоор нь хараа, сонор, үнэртэх, амтлах гэх мэтээр ангилна. Түүнчлэн хүнд тусгагдаж байгаа юмс, үзэгдлүүдийн орших шинж чанар, байдлаар нь орон зай, цаг хугацаа, хөдөлгөөний хүртэхүй гэж үндсэнд нь гурав ангилдаг.

А.Цаг хугацааны хүртэхүй. Цаг хугацаа нь аливаа үзэгдэл, юмсын оршин амьдарч хөгжил хөдөлгөөнд байхын үндсэн нөхцөл мөн. Юм бүхэн тодорхой цагт үүсэж хөгжиж мөхөж сөнөж байдаг тавилантай. Цагаас гадуур нэг ч зүйл ертөнцөд байхгүй. Иймд цаг бол уг зүйл үүсэж хөгжихийн хэмжүүр мөн. Цагийн тухай ухагдахуун нь өдөр, шөнө, өглөө, орой, өнөө, маргааш, энэ жил, өнгөрсөн жил, гэх буюу хавар, зун, намар, өвөл гэх мэтээр байгалийн үзэгдэл юмс ээлжлэн бие биеийнхээ хөгжил хөдөлгөөнийг давтах процессоос үүсэж хөгжсөн түүхтэй.

Байгаль нийгмийн бүх үзэгдэл, юмст өөрийн нь цаг хугацаа бий. Ийм учраас хүн төрөлхтөн бодит ертөнцийг танин мэдэхэд цаг хугацаа нь уг зүйлийн хөгжил хөдөлгөөнийг үнэн зөв тодорхойлж өгдгөөрөө хүнийг бодит үнэнд ямагт хүргэдэг юм. Аливаа зүйлийн цаг хугацааг одоо, өнгөрсөн, ирээдүй гэж гурван үе болгодог нь уг зүйлийн үүсэж хөгжих урьдчилсан нөхцөл боломж, хэтийн төлөв, байдал, тухайн үеийн амьдралын хөгжил хөдөлгөөн болон түүний хөгжлийн өнгөрсөн түүхийн үе шатыг зөв тогтоох зорилготой аж. Цаг хугацааг хүртэхэд хүний биеийн дотоод эрхтэний хэвийг жигд үйл ажиллагаа онцгой рольтой байдаг. Жишээ нь зүрх судасны нэг хэвийн жигд цохилтоор хүн хугацааны нэгжийг тогтоон хэмждэг байна.

Б.Орон зайн хүртэхүй. Орон зай бол аливаа үзэгдлийн оршиж байгаагийн үндсэн илэрхийлэл юм. Ямар нэг зүйл орон байр, зай завсар, хэлбэр хэмжээ эзэлж байгаагаар нь уг үзэгдэл юмсын оршин байгааг батална. Иймээс орон зайгаас гадуур орших нэг ч үзэгдэл хаа ч байхгүй. Орон зай нь бодит ертөнцийг танин мэдэхийн эх булаг мөн.

Юмсын орон зайн харилцааг хэд хэдэн хэлбэрт хуваана. Үүнд, гурвалжин дөрвөлжин, бөөрөнхий, дугариг, босоо, хавтгай гэх мэтээр хэлбэр дүрс, их бага адил тэнцүү, олон цөөн гэх мэт юмын хэмужээ, дээр дор, урд хойно, баруун зүүн гэх мэт юмсын зүг чиг, хол ойр, урт богино, өндөр нам гэх мэт юмсын харьцаа байр байдлыг тодорхойлсон шинжээр нь ангилна. Үзэгдэл юмсын эдгээр орон зайг тусгахад хүний мэдрэхүйн олон эрхтнүүд нэгэн зэрэг буюу дараалан оролцоно. Ялангуяа хараа, арьс булчингийн сэрлийн эрхтнүүд голлож оролцохоос гадна сонор үнэртэх сэрлийн эрхтнүүд бас оролцоно. Сонороор бид юмсын хол ойр орших байдал болон зүг чигийг мэдрэн тусгадаг. Тэрчлэн үнэрээр уг үзэгдэл, юмсын орших чигийг баримжаалан тусгана.

В.Хөдөлгөөний хүртэхүй. Хөдөлгөөн бол үзэгдэл юмсын оршин амьдрахын хөгжлийг тодорхойлох үзүүлэлт юм. Хөдөлгөөн нь юмсын янз бүрийн чанараар үүснэ. Үүнд булчин махбодийн агших, сунах, нугарах, татах зэрэг байдлаар хөдөлгөөний чиглэл, үргэлжлэх хэмжээ, хурд тус тус илэрхийлэгдэнэ.

Дотоод сэрэл нь хөдөлгөөний аппаратын байдлыг ерөнхийд нь зохицуулахад оролцдог. Дотоод чихэнд орших хагас дугариг хэлбэртэй сувгийн дотор шингэн зүйл байдаг бөгөөд биеийн хөдөлгөөнийг ерөнхийд нь удирдах төв их тархины гадрын духны хэсэгт оршино.

Үзэгдэл юмсын орон зай, цаг хугацаа, шинж чанарыг алдаатай тусгах процессыг хүртэхүйн эндэгдэл (иллюзи) гэж нэрлэнэ. Ийм эндэгдэл хараа, сонор, хүрэлцэх болон үнэрлэх, амтлах эрхтний үйл ажиллагаанд ихээхэн хэмжээгээр илэрдэг. Жишээ нь: хүн боодолтой 10 кг хөвөн, 10 кг төмөр туухайг хараад буюу хоёр гараар нэгэн зэрэг өргөхөд туухайг хүнд гэж эндүүрэх явдал гаргана. Ингэж буруу ташаа тусгах нь хүний танин мэдэх үйлийн идэвхийг бууруулна.

Эцэст нь хэлэхэд хүртэхүй бол объектив ертөнцийн уураг тархинд тусгасан субъектив тусгал бөгөөд уураг тархины идэвхтэй үйлийн бүтээгдэхүүн юм. Хүртэхүй нь хүний танин мэдэхүйн эхний шатанд багтах бөгөөд бодит үзэгдэл юмсын нөлөө бидний мэдрэхүйн эрхтэнд шууд нөлөөлсний үр дүн мөн.

Leave a Comment