БАГШИД ӨГӨХ ЗУУН ЗӨВЛӨГӨӨ – 52

52.ЭЦЭГ ЭХИЙГ СУРГУУЛЬ – ГЭР БҮЛИЙН ХҮМҮҮЖИЛД БЭЛТГЭХ НЬ

Үр хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг эхийг сургах … чухал … гэж санаж байна. Эцэг эхийн сурган хүмүүжүүлэх соёлд санаа тавихгүйгээр сургалт хүмүүжлийн ганц ч зорилтыг шийдвэрлэж чадахгүй гэсэн дүгнэлтийг бид олон жилийн ажлынхаа практикаас хийсэн юм. Эцэг эхийн сурган хүмүүжүүлэх ухаан (родительская педагогика) буюу хүнээр хүн хийх тухай эцэг эхийн наад захын мэдлэг бол сурган хүмүүжүүлэх бүх онол практикийн үндэс суурь нь юм. Бид эхчүүдийн сурган хүмүүжүүлэх кабинетдаа Н.И.Пироговын “Эмэгтэйчүүд үр хүүхдээ өлгийдөн бүүвэйлж, тоглоом, наадмыг нь удирдан залж, шулганан өгүүлэхийг нь сурган заасаар нийгмийн хамгийн сүндэр барилгыг бүтээн босгодог юм. Энэ барилгын тулгын чулуу тэдний гараар л тавигддаг” гэсэн үгийг бичиж үзэгдэхүйц газар хадсан. Энэ үг биднийг эцэг эхтэй ажиллах бүх ажлын үзэл санааны тэмүүллийг илэрхийлж байгаа юм.

Манайд эцэг эхийн сурган хүмүүжүүлэх сургууль, сургуулийн өмнөх насны болон I-III ангийн, IV-VIII ангийн, IX-X ангийн сурагчдын эцэг эхчүүдэд зориулсан салбартай хичээллэдэг. Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд орохоос нь 3 жилийн өмнөөс эхлэн энэ сургуульд суралцдаг юм. Тэд хоёр долоо хоногт нэг удаа ирж сургуулийн захирал, хичээл, хүмүүжил болон, ангиас гадуурх ажил эрхэлсэн орлогч захирлууд, гурван жилийн дараа I ангид хичээл заах багш нарын лекцийг сонсдог юм.

1964-1967 онд явагдсан сурган хүмүүжүүлэх хичээлийн сургуулийн өмнөх насны хүүхдийн эцэг эхийн (Хүүхэд нь 1967 оны намар I ангид элссэн) салбарын ажлын төлөвлөгөөг сийрүүлье.

  1. 4-7 насны хүүхдийн бие бялдрын болон сэтгэцийн хөгжил,
  2. Хүүхдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх нь
  3. Хүүхдийн бие бялдрын хатуужил, хоол тэжээл, өдрийн дэглэм
  4. 4-7 насны хүүхдийн оюун ухааны хүмүүжлийн онцлог
  5. Хүүхдийн оюун ухааны авьяас билэг ба хэл ярианы хөгжилд эцэг эхээс тавих анхаарал халамж
  6. Хүүхдийг мэдрэлийн ядаргаанаас сэргийлэх нь
  7. 4-7 насны хүүхдийн хөдөлмөрийн хүмүүжил
  8. Ахмадыг хүндэтгэх хүмүүжил олгох нь
  9. Сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжилд байгалийн нөлөө
  10. Сургуулийн өмнөх насны хүүхдийн сонирхол, хэрэгцээний хөгжил
  11. Сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэл санааны хөгжил ба бодит байдлын мэдлэг
  12. Хүүхдэд хүнлэг сэтгэлийн мэдрэмж олгох нь
  13. 4-7 насны хүүхдийн хүмүүжилд гоо сайхны эзлэх байр
  14. 4-7 насны хүүхдийн бүтээлч үйл ажиллагаа
  15. Хүүхдийг хайхрамжгүй болохоос сэргийлэх нь
  16. Хүүхдийг хүслээ жолоодож чаддаг болгох нь
  17. Хүүхдэд ургамал амьтныг хайрлах хүмүүжил олгох нь
  18. Сургуулийн өмнөх насны хүүхдийн тоглоом, түүний оюун ухаан, сэтгэл хөдлөл, гоо зүйн хүмүүжилд гүйцэтгэх үүрэг
  19. Эх хүн бол хүүхдийн анхны багш, хүмүүжүүлэгч нь мөн
  20. Гэр бүл бол хүн төрөлхтний харилцааны сургууль мөн
  21. Эцэг ба хүү
  22. Эх ба охин
  23. Хүүхдийн сургуульд орох сэтгэл зүйн бэлтгэл
  24. Хүүхдийн зан суртахууны соёлын анхны элементүүд
  25. Үр хүүхдээ ямар хүн болгохыг хүснэ, та өөрөө тийм хүн байх ёстой.
  26. Үр хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг эхийн гаргадаг алдаа түүнээс зайлсхийх нь
  27. Өвөө эмээ нар бол хүмүүжүүлэгчид
  28. Сургуулийн өмнөх насанд, юунд хэрхэн суралцах вэ?
  29. Гэр бүлд байнгын итгэлцэж зөвшөөрөлцсөн аялаг, тохилог байдал бий болгох нь
  30. Хүүхдийг эелдэг ялдам болгон хүмүүжүүлэх нь
  31. Хүүхдийг дуулгавартай болгон хүмүүжүүлэх нь
  32. Сэтгэлийн догдлолоо барих нь
  33. Сайныг хүсэх үзлээр хүмүүжүүлэх нь
  34. Хүүхдийн эрх занг засах нь
  35. Эцэг эхийн засаглал гэж юу вэ? Түүнийг хэрхэн хэрэглэх вэ?
  36. Шийтгэлийг урьтал болголгүй хүмүүжүүлэх нь
  37. Шийтгэлийн ач тус, хор уршиг хоёрын аль нь их вэ?
  38. Хүүхдээс юуг шаардаж болох, юуг шаардаж болохгүй вэ?
  39. Хүүхдийн хүмүүжил бол эцэг эхийн нийгмийн чухал үүрэг мөн.

Ийм сэдвээр багш нар лекц бэлтгэж унших хэрэгтэй бөгөөд энэ амаргүй ажлын талаар хэдэн зүйл зөвлөе.

Хүний хамгийн эрхэм дээд бүтээл болох хүмүүжилд эцэг эхийг сургаж нийгмийн өндөр дээд үүргээ биелүүлдэг болгох хэрэгтэй. Уншсан лекц, ярилцсан яриа болгоноороо хүний үзэл бодлын учгийг хөвж, газар дэлхий дээрх хамгийн гайхамшигт сайхныг бүтээн босгож байгаадаа бахархах сэтгэлийг эх эцэгт төрүүлж чаддаг багш нар манайд олон бий. Тэд эцэг эхийн сурган хүмүүжүүлэх ухаан гэдэг бол хөдөлмөр, бүтээл, шинжлэх ухаан, ур чадвар мөн гэдгийг нээн харуулж өгдөг юм.

Ийм багш нар лекц яриаг бэлтгэхдээ эцэг эхийн хүмүүжлийн ажилд гаргасан алдаа, эндэгдлийг “шүүмжлэх”-ийг хэзээ ч урьдал болгодоггүй юм. Ер нь ийм байдлыг хэзээ ч бүү гаргаж байгаарай гэж залуу нөхдөдөө би зөвлөе.

Амьдрал дээр зарим гэр бүлд тохиолддог ийм байдал, гай зовлонг нь (хүмүүжүүлж чадахгүй байна гэдэг бол гай зовлон мөн) та бүх нийтээр хэлэлцүүлж эхлэх юм бол тантай уулзахаар ирэх эцэг эх цөөрч, улмаар тэднийг сургуулиас хөндийрүүлэх төдийгүй би тэртэй тэргүй муу эцэг юм, бусдын хүүхдүүд сайн байхад энэ л гэж өөдгүй амьтан юм хэмээн толгой сэгсрэхэд хүргэж бөөн аюул тарина. Эцэг эхтэй үр хүүхдийнх нь тухай ярихдаа та тэднийг бодит байдлыг шууд харахад хүргэж байгаагаа бүү мартаарай. Та ямар өөдгүй амьтан болохоо, мэдэж байна уу…гээд л эхэлбэл таны үгэнд хүн хэрхэн хандах вэ дээ.

Энэ бол хүмүүжлийн эгзэгтэй асуудлаас тойрч, бултахыг зөвлөж байгаа хэрэг огт биш. Гэхдээ хэн нэг хүнд тохиолдсон алдаа эндэгдэл бусдад нь сургамж болдог. Аливааг сүр дуулиан болгохгүйгээр уян хатан ухаалаг шийдэж чадах юм бол сургууль-гэр бүлийн хүмүүжилд хэцүү төвөгтэй зөрчил гэж байхгүй. Гэхдээ хүнийг басамжилж доромжлолгүйгээр муу талын нь тухай ярих хэрэгтэй. Бид хүүхдийн гаргасан алдаа дутагдлын нь тухай ярихдаа овог нэрийг нь дууддаггүй.

Алдаа дутагдлын тухай ярихад ихээхэн ухаан зарах хэрэгтэй бөгөөд тодорхой нөхцөлд иргэн хүний илэн далангүй яриа үүсгэх, тухайн эцэг эхтэй ганцаарчлан ярилцах, эмэгтэй багш эхтэй нь, эрэгтэй багш эцэгтэй нь ярилцах гэх мэт хэлбэрүүд байж болно. Оюуны болон сурган хүмүүжүүлэх соёл, уламжлал, хэвшил, нөхцөл байдлаараа яг адилхан хоёр гэр бүл гэж байдаггүй. Гэр бүл болгон зөвхөн өөрийн гэх онцлогтой. Ийм учраас манай сурган хүмүүжүүлэх хичэлийн үндсэн хэсэг нь эцэг эхтэй ганцаарчлан ярилцахад чиглэгддэг юм. Хүүхдийг байлцуулахгүй ярилцах гэдгийг би зориуд онцолж байна. Хүмүүжлийн ажлын алдаа дутагдал, саад бэрхшээлийн тухай ярихад хүүхдийг оролцуулах нь хор уршгаас өөр юу ч өгөхгүй. Гэр бүл дэх харилцан ойлголцох, итгэлцэн хүндэтгэх харилцаа нь хүмүүжлийн хүчирхэг хэрэглүүр болдог бөгөөд хүүхэд чухам энэ байдал түүнийг хүмүүжүүлж байгааг өөрөө анзаардаггүй юм.

Бага насны хүүхдийг гэр бүлийн нөхцөлд нэгэн маягийн эхийн сургуульд суралцуулахыг бид ихээхэн чухалчилдаг. Энэ бол сэтгэл санаа, гоо сайхан, оюун ухаан, ёс суртахууны хүмүүжлийн юугаар ч орлуулшгүй сургууль байгаа юм. Хамгийн үлгэр жишээ хүүхдийн цэцэрлэг ч гэлээ бие хүний хүмүүжил, оюуны амьдралын хамгийн нарийн зүйлд эцэг эхийн гаргасан алдааг нөхөн засаж, эхийн сургуулийг орлож чадахгүй. Бид эхийн сургуулиар хүнлэг сэтгэлийн мэдрэмж бий болгоход онцгой анхаардаг юм. Энэ асуудлаар лекц унших, эцэг эхтэй ганцаарчлан ярилцах болгондоо бусад хүмүүсийн сонирхлыг харгалзан хүндэтгэх, өөрийнхөө хүслийг захиран жолоодох чадвар, хүмүүсийн дунд амьдарч байна гэдэг оюун сэтгэхүйн нарийн мэдрэмжийг хүүхдэд хэрхэн ойлгож байгаа тухайг тодорхой баримт жишээгээр үзүүлдэг. Сургуулийн өмнөх насныхны эцэг эхэд зориулан манай сурган хүмүүжүүлэх сургууль хүмүүсийн дунд амьдарч чадах гэгч энэхүү ярвигтай зүйлд байнга анхаарч байдаг юм. Эх хүний сурган хүмүүжүүлэх соёлын чухлыг үнэлж баршгүй билээ. Сурган хүмүүжүүлэх зүйн эхний хуудас нь эцэг эхийн сурган хүмүүжүүлэх зүй байх ёстой гэдэгт манай хамт олон бат итгэдэг юм. Эх хүн ёс суртахууны өндөр соёлтой цэвэр ариун сэтгэл санаатай, уян ялдам, ухаалаг цэцэн, өнгө жавхаатай, уран барималч байж л үр хүүхдийнхээ зүрх сэтгэлийг эзэмдэж сайн сайхан руу сая хөтлөн дагуулна.

Leave a Comment