БАГШИД ӨГӨХ ЗУУН ЗӨВЛӨГӨӨ – 54

ЭЦЭГ ЭХ, ХҮН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧИЙН ХУВЬД НЭГДМЭЛ САНААТАЙ АЖИЛЛАСНААР ЯМАР АМЖИЛТАД ХҮРЧ БОЛОХ ВЭ?

Эцэг эхчүүдийг сургуультай хамтран хүүхдээ хүмүүжүүлэхэд нь нэгэн нэгдмэл санаа бодолтой болгохын тулд бид ихээхэн санаа тавих ёстой. Ингэснээр л тэд юуны өмнө өөр өөрсдөдөө шаардлага тавьж тэдний хүүхдээ гэх санаа бодол нь нэгдмэл байх болно. Эцэг эх маань хүмүүжүүлэгчийн хувьд нэгдмэл санаатай байж зохих амжилтад хүрнэ гэдэг нь хайр халамжийг хатуу шаардлагатай хослуулан, эцэг эхийн энэрлийн цэцэн ухаанаар сурган хүмүүжүүлэхийг хэлнэ. Оюуны амьдралын энэхүү хамгийн эгзэгтэй хүрээнд эцэг эхийн гаргаж болох алдааг бие хүний хувийн доголдолтой талыг нь хөндөхгүйгээр маш нарийн уран аргаар даван туулахыг бид эрхэмлэдэг юм. Аав ээжийн хайр, эцэг эхийн сурган хүмүүжүүлэх ухаалаг сургаал хаана дутаж байна вэ тэнд хүүхдийг эрэмдэг зэрэмдэг болгодог. Хэт эрхлүүлсэн, хээл хахуульдсан, хуурч мэхэлсэн хайр хүүхдэд ямар их хор хөнөөлтэйг бид тодорхой баримтаар үзүүлж чадна.

Хошуу цорвойн хэт эрхлүүлсэн хайр гэдэг нь эцэг эх, хүүхдийн хоорондын харилцаанд хамгийн их хортой зүйл мөн. Энэ бол ямар ч ухаан бодлогогүй, амьтан бүхэнд л байдаг зөн билгийн хайр юм. Эцэг эх нь хүүхдийнхээ чухам хаашаа тэмүүлж, юунд хүрэхээр зүтгэж буйг огтхон ч анзаарахгүй түүнийхээ алхам тутамд нь баярлан бахдаж байдаг. Хэт эрхлүүлэх байдалд хүмүүжсэн хүүхэд хүний аж амьдралд “болно”, “болохгүй”, “хэрэгтэй”, “хэрэггүй” гэсэн ойлголт байдгийг бараг мэддэггүй. Тэрээр бүх юмыг л болно гэж санадаг. Эрх танхи байдалд өссөн ийм хүүхэд үлбэгэр, доожоогүй байдалтай болж амьдралд нь тохиолдсон өчүүхэн жижиг бэрхшээл дааж давшгүй хүнд хүчир мэт санагддаг байна.

Хэт эрхлүүлэх байдалд хүмүүжсэн хүүхдийн хувиа хичээх чанар яс маханд нь хүртэл шингэсэн байдаг. Тэр эцэг эхийнхээ өмнө ямар үүрэгтэй гэдгээ мэддэггүйгээр барахгүй ажил хөдөлмөр хийх хүсэлгүй, хийе ч гэсэн чаддаггүй. Яагаад гэвэл өвөө эмээ, аав ээжид маань өөрийн гэсэн хүсэл бодол, эрэлт хэрэгцээ байдаг гэдгийг ухаарах чадваргүйн гадна өөрийгөө хүмүүсийн дунд байгаа гэдгээ ойлгож мэддэггүй аж. Тэрээр өөрийгөө нарт ертөнцөд хүн болж төрснөөрөө л эцэг эхдээ аз жаргал, баяр баясгаланг авч ирсэн гэж боддог байна. Хэт эрхлүүлэх хайрыг аав ээжтэй нь нэгэн зэрэг уулзаж ярилцсан тэр үед л зөв залруулж болно. Эцэг эхийн оюун санааг засаж хүмүүжүүлэх тухай яриа бол хамгийн нарийн эгзэгтэй асуудал юм. Бид ирээдүйн сурагчдынхаа аав, ээжийг залуу эцэг эхчүүдийн хүмүүжлийн асуудлаар зөвхөн сурган хүмүүжүүлэх хичээлд төдийгүй бас төрөл бүрийн практик ажлуудад урьж суулгадаг юм. Бага ангийн сурагчдыг (ялангуяа I-II  анги) нийгмийн туст хөдөлмөр хийж байх үед бидэнд залуу эцэг эхчүүд байнга тусалдаг. Тэд бидний хамт хөдөлмөрийг нь  эрхэмлэн хямгадахын зэрэгцээ хамт олны хүсэл зориг, сахилга хатуужил, өөр өөсрдийн хүсэл эрмэлзлээ удирдан жолоодож сурахад нь дэмжлэг үзүүлдэг юм. Хүүхдүүдийг ингэж сургасны ачаар тэд өөрсдөө сайн хүмүүжүүлэгч болж чадна.

Тодорхой бодлогогүй, нэгэн хэвийн нялуун хайр халамжаас эцэг эхчүүдийг сэрэмжлүүлэх хэрэгтэй. Үүнийг өөрийн дураар дургих хайр гэхээс өөр аргагүй. Ийм байдлын ул үндэс нь зарим нэгэн эцэг эхчүүдийн соёлгүй хувиа хичээх үзлээс л болж буй хэрэг.

Тэд өөрийнхөө хүүхдүүдтэй яг л эд юманд хандаж байгаа юм шиг харьцдаг. Миний ширээ учир дуртай газраа тавина, миний охин тиймээс юу хүсэж байна түүнийгээ л шаардана гэх жишээтэй. Наймдугаар ангид сурдаг 15 настай охиндоо эцэг нь сайхан даашинз, дэгжин хийцний өндөр өсгийтэй шаахай худалдан авч өгөөд улирлын эцэс болоход бүх л хичээлээрээ дөрвөөс доошгүй дүн авсан цагт л энэ даашинз, шаахайг өмсөж болно. Ганц гурав авах л юм бол шинэ хувцсаа өмсөж болохгүй шүү гэж сануулсан байна.

Манай өнөөгийн нийгэмд өөрийн дураараа дургин бусдыг дарангуйлан захирах маягаар ажиллаж амьдарч буй хүмүүс мэр сэр байсаар л байна шүү дээ. Ийм үзэгдэлтэй тэмцэх явдал маш хүнд, хэцүү гэдгийг мэднэ биз дээ. Тэдэнтэй юуны өмнө сурган хүмүүжүүлэгч, багш бид л тэмцэх  ёстой.

Leave a Comment